
Мексикийн нийслэл Мехико хотоос зүүн зүгт орших аж ахуйн фермерийн эдлэн газраас хэн болох нь үл танигдах олон хүний цогцос олдсон байна. ВВС-д мэдээлснээр эдгээр цогцоснууд нь өнгөрсөн тавдугаар сард шөнийн клубээс ор сураггүй алга болсон 12 залуу хүнийнх байж магадгүй аж. Одоогоор долоон хүний цогцос олдсон тухай мэдээлэл байгаа ч зарим эх сурвалжийн мэдээллээр 13 хүний цогцос олдоод байгаа аж. Цагдаа нарын мэдээллээр цогцоснуудыг олсон газрын ул мөр, сэжүүр зэрэг нь Мехико хотын эко жуулчлалын паркийн ойролцоо орших ой руу чиглэж байгаа гэнэ. Түүнчлэн цогцоснууд маш их ялзарч, муудсан байгаа учраас ДНК-ийн шинжилгээ хийж, хэн болохыг нь тодруулах хүртэл шөнийн клубээс алга болсон залуус мөн эсэх талаар тайлбар өгөх боломжгүй байгаа юм байна.
Мексикийн Мехико хотын Зона Роза нэртэй алдарт энтертаймент дүүрэгт орших “Диваажин” /Heaven/ баарнаас өнгөрсөн тавдугаар сард эрэгтэй, эмэгтэй 30 хүртэлх насны 12 залуу ор сураггүй алга болсон юм. Харин цагдаа нар одоо болтол тэдгээр залуусын хаачсан талаар ямар нэгэн сураг гаргаж чадаагүй байгаа юм.
Мексикт хар тамхитай холбоотой хүчирхийллийн улмаас өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 70 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа аж.
Б.АНХТУЯА