Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хурал болно

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хурал болно

Хойд Америк – Монголын бизнесийн зөвлөлийн /ХАМБЗ/ 16 дахь бага хурал ирэх есдүгээр сарын 24-26 хооронд Улаанбаатар хотноо “Кемпински” зочид буудалд болох гэж байна.  16 дахь бага хуралд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, доктор С.Оюун, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нар оролцож, илтгэл тавих болсон талаар Хойд Америк – Монголын бизнесийн зөвлөлийн /ХАМБЗ/ дарга Пам Слуц мэдэгджээ.

Хуралд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Ногоон хөгжил бол тогтвортой хөгжил” сэдвээр илтгэл тавих бол Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл “Хотжилт ба Улаанбаатар хотын хөгжил” сэдвийг хөндөх аж. Бага хурлын үеэр мөн “Монголын уул уурхайн ирээдүй”, “Хөрөнгө оруулалт ба Монголын эдийн засаг” сэдэвт хурал зохиогдох юм байна. Энэхүү бага хурал нь Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй.

Хойд Америк – Монголын Бизнесийн Зөвлөлийн /ХАМБЗ/ 16 дахь бага хурал нь 1998 оноос хойш Улаанбаатар хотод зохиогдож байгаа  өргөн хүрээг хамарсан, томоохон арга хэмжээ юм. Бага хурлын энэ удаагийн мэдээллийн ивээн тэтгэгчээр “News Agency” болон “Монгол Масс Медиа” компани ажиллах болно.  Ашгийн төлөө бус байгууллага зохион явуулдаг уг бага хуралд ямар ч орны төлөөлөгч оролцоход чөлөөтэй.

Кембрижийн их сургуулийн анхны монгол доктор С.Оюун өдгөө Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Иргэний зориг, ногоон намын даргаар ажиллаж байна. С.Оюун 1998 оноос хойш дөрвөн удаагийн парламентын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Гадаад харилцааны сайдын албан тушаал эрхэлж байсан тэрбээр одоо “Зориг” сангийн тэргүүний албыг хашиж байгаа билээ. С.Оюун нь 2003 онд Эйзенхаурын сангийн  хөтөлбөрт хамрагдаж, 2006 онд Давосын эдийн засгийн чуулганаас Дэлхийн залуу лидер өргөмжлөлийн эзэн болж байсан юм.

Э.Бат-Үүл 2012 оны наймдугаар сарын 7-нд Нийслэл хотын удирдах зөвлөлөөс Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон билээ. Тэрээр астрофизикч мэргэжилтэй. Э.Бат-Үүл нь 1990 оны Монголын ардчилсан хувьсгалын анхны лидерүүдийн нэг юм. Тэрбээр 1990-1992 онд Ардчилсан намын дарга, 1992-1996 онд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба  1996, 2004, 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Хотын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хот бол Монголын нийт хүн амын тэн хагасын төрсөн газар” хэмээн хөрөнгө оруулагчдад асар өргөн боломж нээж буй дэд бүтэц болон захирагчийн ажлын албаны шинэчлэлийн төслүүдээ танилцуулахдаа онцолж байсан юм.

Хуралд оролцохыг хүссэн хүмүүс www.nambc.org or contact hqinfo@nambc.org. цахим хаягаар бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: www.nambc.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж