
Өмнөговь аймгийн хэмжээнд энэ жил 25 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Үүнээс улсын төсвийн 21, хувийн хэвшлийн 4 цэцэрлэг элсэгчдээ бүртгэнэ. Өнгөрсөн жилийн хувьд аймгийн хэмжээнд 3549 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан статистик мэдээлэл гарчээ.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ хичээлийн жилд сумдын цэцэрлэгүүд хүчин чадлын хувьд хэвийн байгаа гэж мэдээлж байна. Харин Даланзадгад сум сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж түүнийг дагаад сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл тулгарч байна. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлийн асуудал жилээс жилд анхаарал татаж байдаг. Харин энэ жилийн хувьд мэргэжлийн байгууллагууд хамтарч мөн иргэдийн хяналтанд тулгуурлан бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв шударга явуулахад анхаарч ажиллана гэж байна. Тодруулбал, хүүхдүүдийг бүртгэхдээ зөвхөн оочер дугаарын дагуу бүртгэх бөгөөд цэцэрлэгүүдийн гадна чанга яригч узель байрлуулан бүртгэлийн үйл ажиллагааг ил тод мэдээлэх юм байна.
Энэ хичээлийн жилд Манлай суманд 100 хүүхдийн цэцэрлэг, Даланзадгад суманд 175 хүүхдийн цэцэрлэгийн барьж ашиглалтанд оруулж байгаа. Манлай сумын цэцэрлэгийн хувьд барилгын ажил үндсэндээ дуусч 9 сарын 1 гэхэд сурагчдаа авна гэсэн мэдээлэлтэй байна. Харин Даланзадгад сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шинээр баригдсан 8-р цэцэрлэгийн хувьд ирэх 9-р сарын 15 гэхэд ашиглалтанд орох юм байна. Тэгэхээр 8-р цэцэрлэгт харъяаглагдах сурагчид 4-р багийн төв дээр бүртгүүлж цэцэрлэг ашиглалтанд орох хүртэл 15 хоног гэрээр байх шаардлага гарч байгааг эцэг эхчүүдэд сануулъя.