Галыг унтрааж дийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Галыг унтрааж дийлэхгүй байна

“Нарантуул" олон улсын худалдааны төвд буюу битүү дээвэртэй павильонд өнөөдөр 06.10 цагийн үед гал гарч, Онцгой байдлын албаныхан галыг унтраахаар ажиллаж байна. Галын газар дээр ажиллаж байгаа сурвалжлагч Т.Дарханхөвсгөлтэй утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Одоогоор нөхцөл байдал ямар байгааг мэдээлнэ үү?

-“Нарантуул” захын доторх гоо сайхан соёлын бараа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг, хоолны газрын үйл ажиллагаа явуулдаг павильон одоогоор шатаж байна. Нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж байгаа ч галыг унтрааж дийлэхгүй байна.

-Галаас гадна дэлбэрэлт үүсч байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Хүнсний захад лаазалсан, тэсэрч дэлбэрэх аюултай бүтээгдэхүүн их байгаагаас болон хоолны газрын хийн баллон дэлбэрч байгаа бололтой. Тиймээс цагдаагийн алба хаагчид түрээслэгчид болон иргэдийг галаас 500 орчим метрээс дотогш зайд оруулахгүй байгаа юм.

-Түрээслэгчид ямар байдалтай байна вэ?

-Ихэнх түрээслэгчид их хэмжээний хөрөнгө мөнгөө алдлаа гэж харамсч, яахаа мэдэхгүй тэвдэцгээж байна. Мөн “Гал гадны нөлөөтэй байх үндэслэлтэй” гэж хардах иргэд ч цөөнгүй байгаа юм. 

-Галын шалтгаан эхний байдлаар гарсан байна уу?

-Онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Гал бүрэн унтарсаны дараагаар шинжээчид ажиллаж эхлэх болов уу.





Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж