Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Би түүнийг “Борооны охин” гэж нэрлэсэн. Учир нь бороотой өдөр түүнтэй таарсан. Яг л ийм намрын бороо зөөлөн шивэрсэн өдөр би түүнийг олж харсан юм. Гуниг дүүрэн харц, давхраатай алаг нүд.

…Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байлаа. Дөрвөн давхарын лекцийн танхимын цонхыг бороон дусал тогшиж, сурсан зангаараа би  гараа өргөв. Багш зөвшөөрсөн тул хажуудаа сууж байсан ангийнхаа охинд цүнхээ захиад ангиас гарлаа. Гадаа тийм гэж хэлэхийн аргагүй гоё хэдий ч том, том дусалтай бороо өөрийн эрхгүй уйтгар төрүүлнэ. Бороонд норж алхахыг хүссэн болохоор гараа халаасандаа лав гэгч нь хийгээд Их сургуулийн гудамж уруудан алхав. Бороо ширүүсч, гудамжинд надаас өөр хүн алга. Шүлгийн мөр бодонгоо саглагар мөчир­тэй модны дор тамхи асаахаар оролдож байсан би хажууд хүн ирсэнийг ч анзаараагүй юм.

“Сайн уу” хэмээн мэндлэхэд нь эргэж харвал мөрөө давсан бага зэргийн буржгар үстэй, намхавтар нуруутай охин зогсч байна. Түүний нүдийг анзааргагүй нэгэн бол “хөөрхөн” гэхээр. Гэхдээ миний хувьд тэр охины нүдний харцанд гуниг, уйтгар дүүрэн байсан. Бид хоёр математикийн лекц дуустал ярилцсан. Би түүнд өөрийн шүлгүүдээсээ уншиж, аль болохоор хөгжилтэй байхыг хичээсэн ч ганц нэгэн үг хэлж, уртаар санаа алдсаныг эс тооцвол тэр огт дуугарсангүй. Оюутнууд шуугилдан гарч ирсэнээр миний анхаарал тэдний зүг хандаж, манай ангийнхан ч над дээр ирлээ. Би түүнийг ангийнхантайгаа танилцуулахаар эргэж харвал, тэр алга. Явчихаж. Баяртай ч гэлгүй шүү.

Хэнд ч юм гомдол төрөх шиг болоход би бороо зогссоныг бас түүний нэрийг асуухаа мартсанаа мэдлээ. Тэр үед би түүнийг  “Гунигийн охин” гэж нэрлэсэн юм.
Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа мөн л сурсан зангаараа борооноор сургуулийнхаа урд талын сандал дээр сууж байтал тэр бас л гэнэтхэн гарч ирсэн. Энэ удаад бид хоёр эртний танилууд шиг гар барьсан. Би түүнийг хараагүй хэд хоног гуниг зарлачихсан амьтан байсан болохоор бөөн баяр. Гэтэл тэр яг л өмнөх шигээ санаа алдсан, гунигтай харцтай. Зөөлөн шивэрсэн бороо ч бас түүнтэй адил гунигтай байх шиг санагдана. Энэ удаад би түүнд зориулж бичсэн шүлгээ уншиж өгөөд, шүлэг бичсэн цаасаа өглөө.

Уйт нүдэт минь
Усан борооноор санаа алдах чинь
Уянгат хөгжим шиг сонсогддог ч
Уйтгар төрүүлэх нь юуных вэ?
Хэлээч
Гунигтайхан нүдэт минь
Гараас минь хөтлөөд алхалаа ч
Хацарт минь шивэрдэг борооны охин минь
Хоногшин үлдтэл гунихаа
Хэзээ болих вэ?
Хонгор минь…

Миний уншиж өгсөн энэ шүлгийг сонсоод тэр инээснээ “удахгүй ээ” гэдэг үгийг л хэлсэн. Түүний яг юу гэж хэлэх гэснийг ойлгоогүй байтал бороо гэнэтхэн орсон шигээ гэнэт зогсчихов.  Бороо гэнэт зогссон шиг тэр харин “ би явах ёстой” гэж хэлсэн.

…Түүнийг нэрээ ч хэлэлгүй явснаас хойш дөрвөн намрын бороо зүсэрчээ. “Гунигийн охин”-ыг явснаас хойш би түүнийг “Борооны охин” гэж нэрлэхээр шийдсэн юм. Учир нь тэр надтай зөвхөн бороотой үед л уулздаг байлаа.

Харин түүнд шүлэг бичиж өгсөн цаасаа би тэр жилийн анхны цаснаар газраас олсон……

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №025

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж