
Гутал үйлдвэрлэхгүй, хувцас оёхгүй, мах, сүү,талхаасаа өөр зүйл хийж чадахгүй монголчууд гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хол явж дөнгөхгүй гэдгийг эдийн засгийн хямрал яс маханд хэлээд өгөх шиг боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай популистууд нь харин таг чиг. Гадаадынхны гараад явчихсан уурхай дээр нь очоод ажиллаж чадахгүйгээс хойш одоо яах гэхэв. Бүгдээрээ хөдөө гарч малаа маллая, төмсөө тарья.
Мал дагавал ам тостоно гэдэг. Монгол Улсын малын тоо толгой 40 саяыг давчихсан, хүн амынхаа тооноос бараг арав дахин их болсон. Төрийн бодлогын сайндаа ч биш ойрын хэдэн жил цаг агаар сайхан, зуд турхан нүүрлээгүйн л ач гавьяа. Дэлхийн ертөнц гэрлийн хурдаар хөгжиж, саран дээр шинжлэх ухааны станц барьж болно гэдгийг Оросын сансарын агентлаг мэдэгдсэн буй. Гэтэл монголчууд хөрөнгө оруулагчдаа хөөж гаргачихаад мал дагавал ам тостоно гэж “мөөрөөд” сууж байх нь ичгэвтэр биш гэж үү. Энэ чинь техник технологийн хөгжлийн эрин үе шүү дээ. Фээсбүүк, интернет, твиттергүйгээр монголчууд амьдарч чадахаа больчихлоо. Гар утас тансаг хэрэглээ байхаа болив. Айл болгон машинтай болж байна. Махыг орлох өч төчнөөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Цагаан хоолтнуудын тоо нэмэгдэж байна. Бид хэдий болтол малаараа баяжина гэж эндүүрэх юм бэ.
Эдийн засгийн өсөлтийн бүтцийг авч үзвэл хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин буурч ДНБ-ий 13.7 хувийг эзэлж байна. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийн жин огцом нэмэгдэж 32.6 хувьд хүрчээ. 2013 оны эхний хагас жилийн байдлаар Оюутолгойгоос бусад хөрөнгө оруулалт 46 хувиар буурчээ. Үүний тал хувь нь Оюутолгой төслийн санхүүжилтээс шууд хамааралтайгаар гацсан байна. Монголын эдийн засагт Оюутолгойн төслөөс эзлэх хувийн жин 55 хувьд хүрлээ. Өнгөрсөн долоодугаар сарын 19-ны өдөр бичсэн “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдваанчигийн захианаас болж эдийн засагт орох валютын нийт урсгалын 55 хувийг хангаж байгаа Оюутолгой хөрөнгө оруулалтаа зогсоов. Рио-Тинтогийн хувьцааны үнэ олон улсын хөрөнгийн зах зээлд 10 хувиар унасан тэр өдөр монголчууд захианы тухай сонсох нь байтугай мэдээ ч үгүй байв.
Аливаа улс орны амьдрал алт, гадаад зээл, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт дээр тогтдог. Тэгвэл амьдралынх баталгаа болсон Монгол Улсын нүүрсний экспортын орлого 53 , зэсийнх нь 42, гадаадын шууд хөрөнгө оруулалт 46 хувиар буурчээ. Төв банкинд тушаагдсан алтны хэмжээ энэ оны найман сарын байдлаар дөрвөн тонн. Өмнө нь жилдээ 25 тонн алт Монголбанкид тушаагддаг байлаа.
Монголын шууд хөрөнгө оруулалтын 85 хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг. Тэгвэл манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбараас жилдээ 1,1 тэрбум ам.долларын орлого олдог гэвэл уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөний бараг гуравны нэгтэй тэнцэж буй юм. Өнгөрсөн 2011-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголын эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирсэн байна.
Манай дарга нар малд хайртай, хонь,ямаа, үхэр адуунд цалин өгчихнө. Тиймээс нүүрс ухаж, барилга барьж, зам тавих шаардлагагүй. Махаа чанаж идээд, арьсаа нөмөрч унтаад, морио уралдуулж, бөхөө барилдуулаад амьдраад байхад болно. Даанч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт гардаг шиг “Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл, айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ” гэгч л болох байлгүй.
Хөдөөгийн байдал шалдар булдир, цагийн улирал ороо бусгаа байхад Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, шинэ төмөр зам, Чингис бондыг мартацгаая. Хөдөө гарч малаа маллавал ямар уу, популистуудаа. Харин ашиг орлого олдог зүгтээ фэнг шуйгаа өлгөхөө мартавзай.