“Барилга орон сууц-2011” үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

“Барилга орон сууц-2011” үүдээ нээлээ

Жил
бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга орон сууц-2011”
үзэсгэлэн яармаг “Ногоон дэлхий, ногоон барилга” уриан дор өнгөрсөн
баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын сарын 22-нд үүдээ нээлээ. “Мишээл
экспо” төвд  нээгдсэн энэхүү үзэсгэлэнг ирж сонир­хогчид цөөнгүй байсан.
Хаана, ямар орон сууц шинээр босч буйг мөн хэдий хэрийн үнэтэй байгаа
нь иргэдийн сонирхлыг багагүй татаж байсан юм. Шинээр баригдаж буй орон
сууцнуудын үнэ нь метр квадрат нь нэг саяас эхэлж байна лээ. Бүр  метр
квадрат нь хоёр сая гаруйгаар тооцогдож буй хауснуудын мэ­дээл­­лийг ч
уг үзэсгэлэнгээс авч болно. “Орч­лон”,“Өнөр”, “Баянмонгол”,”Саруул
тэн­гэр” зэрэг хорооллуудаас сонголт хийж болох бол “Жи­г­үүр гранд”,
“Заг”-ийнхан ч шинэхэн байр­ныхаа танилцуулгыг тавьсан байсан.  Уг
үзэсгэлэн энэ сарын 25-нд өндөрлөх юм. За тэгээд, байраа засч янзлах
болон цонх хаалгаа солих гэж байгаа бол энэхүү үзэс­гэлэнг сонирхоход
гэмгүй. Барилгын засал чимэг­лэлээс эхлээд танд хэрэгцээтэй байгаа бүхий
л мэдээллийг эндээс авч болно гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид нь
онцолсон.

ОССК-аас зээл авахад бүрдүүлэх материал

Орон
сууцны санхүүжилтийн корпорациас “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг
хэрэг­жүүлж буй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй төрийн албан
хаагч өөрийн гэх орон сууцтай болсон. Орон сууцны санхүүжилтийн
кор­пориац­иас зээл авахын тулд доорх матер­иалыг бүрдүүлэх шаардлагатай
гэнэ.  
1. Төрийн албөн хаагчийн зээлийн өргөдөл, анкет
2.Иргэний бичиг баримтын нотариатаар батал­гаажуулсан хуулбар /хамтран зээлдэгч, өрхийн насанд хүрсэн бүх гишүүд/
3.Гэрлэлтийн баталгааны нотариатаар батал­гаажуулсан хуулбар
4.
Ажлын газрын тодорхойлолт /орлого олж байгаа өрхийн бусад гишүүдэд адил
хамаарна. Тодорхойлолтод ажил, албан тушаал, ажиллаж буй хугацаа,
цалингийн хэмжээг тусгасан байна/
5.Нийгмийн даатгалын дэвтрийн
нотариа­таар баталгаажуулсан, нийгмийн даатгалын байгууллагуудаар бүрэн
баталгаажуулсан хуулбар /өрхийн орлоготой бүх гишүүдийн/
6.Өрхийн бусад орлого тодорхойлох баримтууд
7. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа
зургаан хувийн хүү хэнд хамааралтай вэ

Монгол
Улсын Засгийн газраас 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 300 тэрбум төгрөгийн бондыг Хөгжлийн
банкаар дамжуулан гаргахаар болсон.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд
баригдах  орон сууцны 85 хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө, орон нутагт
баригдахаар төлөвлөсөн байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаас урт
хугацаат орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах шийдвэрийг
гаргасан билээ.

Орон сууц санхүүжилтын корпорациар дамжуулан
иргэдэд олгох орон сууцны зээлийн  хүү найман хувь  байгаа бөгөөд үүнийг
зургаан хувь хүртэл бууруулах юм. Ингэхдээ өмнө нь Орон сууц
санхүүжилтын корпорациар дамжуулан зээл авсан иргэдийн хувьд  дээрх
“sale”-д хамрагдахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл өмнө нь тус корпорациар
дамжуулан найман хувийн хүүтэй байр худалдан авсан иргэдийн зээлийн хүү
хэвээр байх нь. Харин “100” мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд
шинээр орон сууцны зээл авах иргэдийн хувьд энэхүү боломж нээгдэж байгаа
аж.  Уг зээлд дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн
гэсэн орон сууцгүй байгаа өрх гэрт зургаан хувийн хүүтэй орон сууцны
зээлийг олгох ёстой. Түүнээс орон сууцанд амьдардаг хэрнээ түүнийгээ
шинэ болгоод авчихъя гэсэн ч, юм уу амьдралын төвшин дээгүүр хүмүүст
энэхүү зээлийг ар өврийн хаалгаар өгөх асуудал байхгүй гэдгийг Ерөнхий
сайдын зүгээс анхааруулсан удаатай.

Засгийн газрын бондыг арилжааны банкаар дамжуулах уу

Засгийн
газраас орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгосонтой холбоотойгоор
Засгийн газраас гаргаж буй 300 тэрбум төгрөг­ийн бондыг арилжааны
банкуудаар дамжуулан орон сууцны зээл олгох талаар яриа бий.

Арилжааны
банкуудаар олгох  орон сууцны зээлийн хүүг зургаан хувийн хүүтэй
болгохын тулд  жилийн 12 хувийн хүүтэй банкны зээл байлаа гэхэд хүүгийн
зөрүү болох дөрвөөс зургаан хувийн хүүг төрөөс татаас байдлаар
зохицуулах бололтой.  Одоогоор энэ талаарх судалгаа, эх үүсгэврийг
хэрхэн гаргахыг Монголбанкнаас судалж байгаа аж. Хэрвээ арилжааны
банкуудтай хамтран “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлэхээр болбол Монголбанкнаас тодорхой шалгуурыг тавих гэнэ.

Монголд
өнөөдрийн байдлаар 15 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс
төлбөрийн чадвартай, урт хугацааны моргейж өгөөд байх боломжтой
банкуудыг сонгон шалгаруулаад иргэддээ ийм хугацаатай, ийм хүүтэй зээл
өгнө шүү гэсэн чиглэл баримтлах юм байна.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж