
Монголчуудыг нэг хэсэгтээ догдлуулсан Т.Батаар маань “дүү”-тэй болжээ. Энгэр дээрээ Батаар гэсэн бичигтэй, жижигхэн хөөрхөн Монгол малгайтай, Монголд үйлдвэрлэв гэсэн тодотголтой. Бас хөөрхөн жижигхэн зулзагатай. Та хэрвээ анзаарсан бол нийслэлийн төв талбай дахь өмнө Д.Сүхбаатарын гэж нэртэй байгаад одоо Чингисийн гэгдэх болсон талбайд буй Батаарын түр музейд орсон, гарсан хүмүүст дурсгал болгон худалдан авах бяцхан чихмэл Батаар таньтай мэндчилнэ. Хамгийн гол нь энэхүү эгдүүтэй Батаар монгол бүсгүйчүүдийн бүтээл. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран гэртээ сууж буй бүсгүйчүүдийн бүтээл. Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд тэр бүр ажил хийх боломжгүй. Хүүхдээ байнга асарч байх шаардлагатай тэд нэгдэн төрийн бус байгууллага байгуулан чихмэл бамбарууш оёж борлуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Ээжүүдийн чин сэтгэлээсээ урласан бамбаруушуудыг сайхан сэтгэлт хүмүүс худалдан авч зарим байгууллага дан хайрын бамбаруушаар бүрдсэн гацуур мод засч шинэ жилээ угтсан мэдээ сэтгэл бүлээцүүлж байсан. Ээжүүд бамбарууш оёж олсон орлогоороо гэртээ гацуур мод засч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж муутай гэр бүлд гацуур мод авч бэлэглэж байсан билээ. Тэд өөрсдийн боломжоор хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд туслах янз бүрийн ажил зохиодог. Харин энэ удаад Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас эдгээр ээжүүдэд Монгол Батаараа урлах санал тавьсан юм байна. Ээжүүд дор бүрдээ Монгол Батаарын жижиг хэсгүүдийг гэр гэртээ урлан тэднийгээ нэгтгэн энэхүү өхөөрдөм брэндийг төрүүлжээ.
Та хэрвээ төв талбай дахь Батаарын түр музейгээр зочлох гэж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээжүүдийн урласан бяцхан хөөрхөн Батаараас худалдан аваарай. Үүгээрээ та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч давхар тусалж байгаа юм шүү. Бяцхан Батаарын “ээж”-үүд болох “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагынхантай та 88302278 утсаар холбогдоорой.
Холбоотой мэдээлэл:

