АНУ-ын Батлан хамгаалах яамны урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Вачин Вашингтон хотод айлчилсан билээ. Их гүрнүүдийн Батлан хамгаалах сайд нар ингэж уулзсан нь бусад орны анхаарлыг татаж байна. Ялангуяа Хятадтай арлын маргаантай байгаа орнууд, АНУ-тай тааруу байгаа ОХУ зэрэг орнууд энэ уулзалтад анхаарал хандуулж байна. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар цахим халдлага, арлын маргаан, бүс нутгийн аюулгүй байдал, Ази, Номхон далайн хилийн бүс зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцсан байна.
Талууд эхний ээлжинд салбарын цахим халдлага, цахим тагнуулын талаар өөрсдийн байр суурийг солилцжээ. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Батлан хамгаалах яам болон тус улсын Засгийн газрын хэд хэдэн агентлаг руу БНХАУ-ын хаягтай “IP”-гаас найман удаагийн томоохон халдлага хийсэн билээ. БНХАУ-ын Батлан хамгаалах сайд Чан Вачин үүнд ямар хариулт өгөх нь Чак Хейгелд тун сонирхолтой байсан бололтой. Хятадын сайд энэ талаар “Та бүхэн биднээс баримт нотолгоотой зүйл асуух нь хоёр улсын харилцаанд чухал гэдгийг эхлээд хэлмээр байна. Манай улсад цахим сүлжээ, цахим халдлага улам нарийсч хөгжиж байгаа гэдэгтэй би санал нийлж байгаа. Гэхдээ бид дотоодын асуудлаа, дотоодын цахим дайралтуудаа хянахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа гэдгийг онцолмоор байна” гэжээ. Мөн тэрбээр энэ үгээрээ цэвэр гүтгэлэг. Нотлох баримттай зүйл дээр энэ сэдвийг хөндөхийг хүсэж байна гэсэн утгатай зүйл ярьжээ.
Америкчууд үүнийг маш эмзэгээр хүлээж авсан бөгөөд БНХАУ-ын цахим тагнуул, цахим дайралтууд АНУ-ын эсрэг ийм хүчтэй дайралт хийж байгаад санаа зовинож эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тийм учраас “АНУ техник технологийн давуу байдлаар бусад орны бүхий л салбарт тагнуулын ажил хийдэгт сэтгэл хангалуун бус байдаг” гэдгийг Чан Вачин сайд хатуу хэлсэн нь уулзалтын уур амьсгалыг өөрчилсөн аж. Одоогоос хагас жилийн өмнө АНУ-ын хэд хэдэн агентлагууд БНХАУ-ын газар нутагт байрлах цахим халдлага үйлддэг байрлалыг олонд дэлгэсэн нь томоохон шуугиан тарьж байсан. Тэгвэл үүнийг эсэргүүцэж буй далд утга санаа агуулсан Хятадын сайдын үг бусад орнуудад сэрэмжлүүлэг мэт санагдаж байгаа талаар “Рой-терс” агентлаг мэдээлэв.
Түүнчлэн арлын маргааны талаар АНУ-ыг “Хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулж байна” гэж мэдэгдсэн нь бодит байдал дээр хатуу анхааруулга боллоо. Арлын маргаантай холбогдуулан АНУ-ын баримталж буй бодлого тун энгийн. Хэрэв БНХАУ маргаантай байгаа арлуудыг өөрийн эзэмшилд авах юм бол тэнгэсийн хүчний цар хүрээгээ тэлж, АНУ-ын баруун эрэг, Номхон далай дахь АНУ-ын “ноёрхолд” томоохон асуудал үүсэхийг мэргэжилтнүүд тайлбарласан.
Дараагийн асуудал бол АНУ-ын зэр зэвсэгийг хуулбарлахаа зогсоохыг хүссэн талаар яриа өрнөсөн талаар CNN агентлаг мэдээлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд БНХАУ-ын Батлан хамгаалах салбар АНУ-ын зэр зэвсэгээс сайжруулах тө-хөөрөмжүүдийг нь сайжруулж, шинэчлэхийг нь шинэчилж байсан удаа бий гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрнө. Үүнийгээ ч тэд ил далд хүлээн зөвшөөрсөн. Ирэх жил АНУ-аас зохион байгуулах олон улсын батлан хамгаалах салбарыг өргөжүүлэх цэргийн сургуулилтад БНХАУ-ыг анх удаа оролцохыг урьсан юм. Энэ нь батлан хамгаалах салбарт нэг шат ахих нь БНХАУ-ын хувьд томоохон боломж юм. Тэнгисийн болон хуурай газрын зэвсэг, техникийн хувьд туршлага солилцох, олон улсын сургуулилтад БНХАУ-ыг оролцуулах цаад утга нь батлан хамгаалах салбарт хамтрах, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд оршиж байгаа бололтой.
Их гүрнүүдийн хувьд бүс нутгийн хяналтаа алдах нь их хэмжээний ашиг орлогоо алдахтай адил гэдгийг шинжээчид хэлдэг. Тиймээс БНХАУ-тай эвтэй байснаар АНУ-д ямар давуу байдал үүсэхийг талууд ойлгож байгаа. Тиймдээ ч АНУ-ын Батлан хамгаалахын сайд өөрийн ажлаа хүлээн авсанаас хойш Азид хийсэн анхны айлчлалаа Сингапураас эхэлсэн нь БНХАУ-ыг үл хүндэтгэсэн үйлдэл мэт харагдсан. Хятад АНУ-ын харилцааг арай өөр тийш чиглүүлж байсан өөр нэг алхам бол Чак Хейгел Япон болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдуудтай тусгайлан цаг гарган уулзсан явдал юм. Энэхүү үйлдлээрээ Ази дахь холбоотон орнуудаа хамгаалах байр сууриа баталгаажуулсан билээ.
Ямартай ч, АНУ БНХАУ-ын Батлан хамгаалах яамны салбарт уулзалтын дараа ахиц гарсан талаар Вашингтоноос мэдээлсэн. Хамгийн гол анхаарах зүйл бол “АНУ Батлан хамгаалах салбарын гол хүчээ БНХАУ-руу чиглүүлэхгүй байхыг дахин анхааруулмаар байна” гэж хэлсэн нь Чак Хейгелийг ямар ч тайлбар хийх боломжгүй болгосон юм. Товчхондоо ха-туухан байр суурь илэрхийлсэн Хятадын тал АНУ-ыг өмнө нь ийм байдалд оруулж байгаагүй билээ. Мөн хоёр улсын Батлан хамгаалах салбарын нөхцөл байдал улс хоорондын эдийн засгийн нөхцөлд нөлөөлж байгаа гэдгийг Вашингтон хүлээн зөвшөөрсөн талаар “Chinadaily” агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
