
Орхон аймгийн хэмжээнд 5800 га газар тариалангийн эргэлтийн талбайтай жил бүр улаан буудай 4000-4300 га-д, төмс 450-502 га-д, хүнсний ногоо 350-380 га-д тариалж, 4000-4500 га-д чанартай уринш бэлтгэн дараа жилийн тариалалтын бэлтгэлийг ханган ажилладаг.
2013 онд аймгийн хэмжээнд 2 сумын 44 аж ахуйн нэгж, байгууллага 1200 орчим айл өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж үр тариа 3582 га, тэжээлийн ургамал 203.5 га-д, тосны ургамал 415 га, төмс 331.1 га , хүнсний ногоо 229.5 га, чацаргана 9 га-д тариалсан. бөгөөд үр тарианы төлөвлөгөөт зорилт 93.5 хувь, тэжээлийн ургамал 101.7 хувь, төмс 72.8 хувь, хүнсний ногоо 56.5 хувьтай байна. Энэ жилийн хувьд төмс, хүнсний ногооны борлуулалт муу, үнэ хямд, зооринд их хэмжээгээр хадгалж ялзарч муудсаны улмаас тариалалтын хувь буурсан үзүүлэлттэй байгаа.
Үрийн талбайд хянан баталгаа хийх, ургац тогтоох ажлыг 2013 оны 8 дугаар сарын 25-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа тул одоогийн байдлаар хураан авах ургацын хэмжээ хараахан тодорхой болоогүй байгаа боловч 07, 08-р сарууд хур бороо ихтэй, дулааны хангамж багатай байснаас үр тарианы ургалт удааширч, болц 7-10 хоног оройтох төлөвтэй байна.
Энэ намрын ургац хураалтанд 20 комбайн, 25 жатка, 52 дугуйт трактор, 10 будаа цэвэрлэгч, 10 үр сортлогч, 7 төмсний комбайн , 11 төмс ухагч , 3 төмс сортлогч, 5 механикжсан үтрэм бусад тоног төхөөрөмж ашиглах ба техник тоног төхөөрөмжийн засварын ажил үргэлжлэн хийгдэж, гүйцэтгэл 85 хувьтай байна.
Үр тарианы тодорхой хэсгийг ангилан хураах учир мөрлөгч, хаман цайруулагч эртнээс бэлтгэж засвар үйлчилгээг чанартай хийх талаар үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж өгч мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган ургац хураалтын бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.
Хүнсний ногоо хадгалах 4468 тн-ын багтаамж бүхий 246 зоорь байгаа нь нийт хураан авах ургацын 50 гаруй хувийг хадгалах боломжтой юм. 8 үтрэм 800 тн багтаамж бүхий үрийн агуулахын цэвэрлэгээ, ариутгал, засвар үйлчилгээг хийж эхлэсэн байгаа.
Ургац хураалтын бэлтгэл ажлыг эртнээс хангуулах зоорь агуулах, үтрэмийн засварыг чанартай хийх, үр тариа, төмс, хүнсний ногоог гэнэтийн цочрол хүйтрэлт, хяруунаас хамгаалах, үр тариаг болцын байдалд тохируулан хураалтыг оновчтой технологийн сонголт хийж богино хугацаанд хаягдалгүй хураах техник, засварын ажлыг чанартай хийж дуусгах талаар сумдын Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгжийн удирдлагууд, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж байна.
Үр тариа, тэжээлийн ургамал, таримал хадлан, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоог мал, тэжээвэр амьтадаас хамгаалах зорилгоор таримал ургамал тариалж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн газраа хашаажуулах, харуул хамгаалалттай болгох, мал тэжээвэр амьтад бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн мал тэжээвэр амьтдыг байнгын хариулга маллагаатай, хараа хяналттай байлгаж таримал ургамлыг мал амьтдаас хамгаалах талаар сумдын Засаг даргын Тамгын газарт тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
Ирэх жилийн тариалалтанд зориулж 2 сумын хэмжээнд 10 аж ахуй нэгж, 5 иргэн 3918 га-д уриншийн 2 дахь шатны боловсруулалт хийсэн бөгөөд 3 дахь шатны боловсруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 20-ны дотор хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.