Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Төрийн албыг цөөлье

Төсвийн алдагдлыг хэрхэх арга ухаанаа Засгийн газар олохгүй мунгинаж байна. Зарим нэг мулгуудуухан сайд нь  татварыг /ХАОАТ/  нэмэгчлэх аргаар алдагдлыг аргалж чадна гэж үзэж байгаа бололтой. Орлогын албан татвар нэмэгдчихээр орлого олдог нь цөөрөөд улсын сан хөмрөгт ордог мөнгө нь улам багасах байлгүй. Угаасаа хямралтай байгаа эдийн засагт гал авалцуулахыг хүсээгүй л бол татвар нэмнэ гэдэг том тэнэглэл. Ажлаасаа халагдах нь олширч, архичдынх нь эгнээ тэлэх биз.  Тэгнээтэй тэмээ шиг болчихоод байгаа хувийн хэвшлийнхнээ элгээр нь мөлхүүлье гэж санаагүй л юм  энэ санаагаа мартах хэрэгтэй болов уу.

Анхнаасаа л 356 тэрбумын алдагдалтай төсөв баталсан нь ашигт малтмалынхаа экспортын үнийг хэт өндөр тооцсон холбоотой гэдэг нь нэгэнтээ ойлгомжтой болсон. Бөөн тоон дотор толгой нь эргэсэн Сангийн яамныхан хэтэрхий үрэлгэн төсөв боловсруулсны балаг одоогоор нэг их наяд төгрөгт хүрчихээд байна. Оны эцэс гэхэд улсын төсвийн алдагдал нэг их наяд 500 тэрбумаар хэмжигдэж болзошгүй байгаа. Их наядаар хэмжижгдэж байгаа улсын төсвийн алдагдлын талаар ирэх есдүгээр сарын 2-нд хуралдах ээлжит бус чуулганаараа хэлэлцэж, тодотгол хийлээ ч байдлыг эерүүлж чадна гэдэг нь үлгэр. Үлгэрт хүүхдүүд л итгэдэг  шүү дээ. 

Экспортын орлого хумигдсан, гадаадын хөрөнгө оруулагчид зугатсан, орж ирдэг валют багассан,төв банкид тушаадаг алт буурсан, улсын мөнгө дууссан.

Одоохондоо Чингис бондын мөнгөний тал хагас нь байгаа байх. Харин цаашдаа яах вэ. Чингис бондын хөрөнгө дуусахаар бид юугаараа амь зуух вэ. Үрэлгэн төсөв боловсруулж, батлуулсныхаа горыг Засгийн газар дөнгөж амсч байна. Үхтэл өдий байна гэгчээр он дуустал  зай ч байгаа. Хүйтнээс хүйтэн, хүндээс хүнд өвлийн өдрүүд биднийг угтаж байна. Өвлийг өнөтэй давья гэвэл хэрэгтэй хэрэггүй зардлуудаа хумиж, болсон болоогүй яамд, агентлагийнхаа тоог цөөлөх шаардлагатай болжээ.

Сүүлийн дөрвөн жилд төрийн алба данхайж, татвар төлөгчдийн үүрэг ачаалал бараг 30 хувиар нэмэгджээ. Төсвөөс цалин авдаг хүмүүсийн тоо 156 мянгад хүрсэн, өнгөрсөн 2008 онтой харьцуулахад 33 мянган хүнээр өссөн тоо юм. Гэтэл хот, хөдөөгүй багш, эмч, сувилагч,цэрэг, цагдаа нарын орон тооны хүрэлцээ муу байгаа. Тэгэхээр оффист суудаг, ажил хийдэггүй хүнд сурталтай дарга нар нэмэгджээ. Тэдний хөдөө гадаа явах томилолт /цалингаас гадуурх зардал/, шагнал урамшуулал, тансаглалыг улсын төсвөөс гаргадаг. Нийт төсвийн 50 хувийг захиргааны зардал эзэлдэг гэвэл төрийн яам, агентлагийн тоог цөөлчихөд л улсын төсвийн алдагдал 50 хувиар буурах юм биш үү. Төрийн албанд цагаа бөглөчихөөд цалингаа авдаг хүмүүс цөөнгүй байдаг. Өдөржин фээсбүккээр тэнэж, интернэтээр зугаалж, элдвийн коммент бичихээс өөр хийх ажилгүй “хүүхдүүдээ” тэжээх гэж Засгийн газар  хувийн хэвшлийнхнээ  хэдий  болтол мөлжих гэсэн юм бол.

Өнгөрсөн 2012 оны намар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Стэнфордын их сургуулийн профессор Фрэнсис Фукуяама Монголд ирж, Төрийн ордонд лекц уншихдаа “Хүчтэй төр гэдэг нь олон хүн ажилладаг данхайсан төр биш. Зөв зохион байгуулалттай, цэгцтэй ажиллагаат төрийг хэлдэг. Баялаг нь хараал болох уу, тус болох уу гэдэг нь засаглал, төрийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Нигер, Ангол зэрэг орнуудад засаглал хяналтгүй тул баялаг нь хараал болж байгааг анхаарах ёстой” гэдгийг сануулаад буцсан. Нигер, Анголын туулсан гашуун түүх Монголд давтагдаж байна. Хэрэгтэй хэрэггүй дарамт шахалт ихтэй, чадвар муутай тэжээвэр ангаахайнуудынхаа тоог цөөлөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулсан Монголын төр үндэснийхээ хэдэн татвар төлөгчдийг үгүйрүүлж байж л санаа нь амрах дэг ээ. Алдагдлаа нөхөх хамгийн амархан арга айл өрх зардлаа хэмнэх. Монгол Улс хэрээс хэтэрсэн тансаглалаа хэмнэх хэрэгтэй болжээ. Энэ олон яамд агентлагуудад ажиллаж байгаа хүнд сурталтнуудыг харахаар заримдаа "хараал идмэр гэж" хараамаар л болдог юм даа.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж