21 мянган төгрөг гомдол дагуулах болов

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

21 мянган төгрөг гомдол дагуулах болов

Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгтэй холбоотой гомдол Засгийн газрынхны чихэнд хонх уях болжээ. “Банкны хаалга эвдлээ, ширээ сандал хэмхчлээ” гэх гомдол өдрөөс өдөрт ихсэж, тэр хэрээр арилжааны банкууд 21 мянган төгрөгийг бэлнээр тараах боломжгүйд хүрч байгаагаа төрд дуулгах болж…  Харин банкны гадаа дугаарлах иргэдийн хувьд ямба нь дэндсэн тиллерүүд шуурхай хөдөлж чадахгүйгээс  ийм хэрэг гарч буй болохоос, иргэд бол тэвчээр заан өдөржин хүлээж 21 мянган төгрөгтөө хүрдэг гэх. Ийм нэгэн хоёр талын биенээ буруутгах гомдлын учрыг олохын тулд Засгийн газар бас нэгэн новшин ажилтай зууралдах нь. Уг нь УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахын өмнө энэ мэт зөрчлийг  урьдчилж хараад, арга хэлбэрийг нь өөрчилчихсөн бол өнөөдөр юуны учир иргэд бухимдаж, банкныхан ажлаа дийлэхгүй хонох юм билээ. УИХ ч бас өөрсөддөө дахин ажил удах нь ойлгомжтой болов.

Учир нь дээр дурдсан шалтгаа­нуудаас болж, УИХ Хүний хөгжлийн сангийн тухай хуульдаа энэ хавартаа багтаж өөрчлөлт оруулахаас аргагүй болж байгааг  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо мэдэгдлээ. Нэгэнтээ л иргэддээ 2011 онд багтаан сар тутамд 21 мянган төгрөг өгнө хэмээн амласан учраас няцах аргагүй тул, бэлнээр олгохоор шийдвэрлэсэн хувь хишгийг цахим карт, хадгаламжид шилжүүлэх шийдвэр гаргах нь банкны ачааллыг багасгаж, иргэдийн хувьд цахим картаар мөнгөө авах сонголттой болно хэмээн Засгийн газар үзэж байна. Харин цахим картад хувь хишгийг шилжүүлэхэд үйлчилгээний хөлсөнд хэдий хэмжээний зардал гаргах вэ гэдгийг тооцоо судалгаа хийснээр тодорхой болох аж.

Ямартай ч, иргэд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд банкныхныг бухимдуулсаар 159.5 тэрбум төгрөгийн хувь хишгийг бэлнээр авчээ. Нийтдээ 2 сая 396.2 мянган иргэн сар бүр олгож байгаа 21 мянган төгрөгийг авсан гэх албан мэдээлэл байна. Сургалтын төлбөр хэлбэрээр бэлэн бусаар 500 мянган төгрөгийг  олгохоор шийдвэрлэсний дагуу 124 мянган оюутны нэрсийг баталгаажуулж, 62 тэрбум төгрөгийг холбогдох сургуулийнх нь дансанд шилжүүлжээ. “Багш нараа цалинжуулах боломжгүйд хүрч байна” гэх гомдол тавин, оюутнуудаа сургуулиас нь хөөж, сүрийг үзүүлж байсан их, дээд сургуулийн удирдлагуудын хувьд ирэх намрыг хүртэл мөнгө хатгахгүй нь бололтой. Гэхдээ улсын хэмжээнд нийт 162 мянган оюутан суралцдаг гэсэн тоо гарсан ч, 17 мянга нь бүртгүүлээгүй, нэрсийн тулгалтаа ч хийлгүүлээгүй тууж яваа тул тэдгээрийн 500 мянган төгрөгийг сургууль бүр рүү нь шилжүүлэх боломжгүй Хүний хөгжлийн санд “суурьших” болжээ. Оройн ангийн оюутнуудаас өдрийн ангийнхны нэгэн адил Хүний хөгжлийн сангийн хувь хишгийг сургалтын төлбөр хэлбэрээр авах хүсэлтийг олноор ирүүлэх болсон гэнэ. Тиймээс 2011 оны төсөвт багтаан асуудлыг нь шийдвэрлэхээр боломжийг судалж эхэлжээ. Ингэснээр бүртгэлээ хийлгээгүй 17 мянган оюутны 500 мянга оройн ангийнхны сургалтын төлбөрийн эх үүсвэр болж мэдэх нь.

Түүнчлэн  Хүний хөгжил сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг бэлэн бус хэлбэрээр авахыг хүсч,  76 мянган иргэн хандсан юм байна. Энэ дагуу  605.3 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлжээ. Мөн энэ хуулийн хүрээнд ажлын байр бий болгох зорилгоор иргэд хоорондоо нэгдсэн тохиолдолд хишиг хувиа бөөнд нь авах боломжтой. Одоогоор Архангай, Завхан, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Увс, Ховд аймгууд, Улаанбаатар хотын 3036 иргэнд 637.5 сая төгрөгийг урьдчилан олгосон гэх мэдээллийг хуралдааны үеэр дуулгав. Хөдөлмөрөө хоршихоор шийдсэн иргэдийн хувьд 40-үүлээ нийлж байж, 10 сая төгрөг авсан нь энэ ажээ.

Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрч байна уу?

Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахдаа 2011 оны төвшинд 805.2 тэрбум төгрөгийг иргэдэд бэлэн болон бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн юм. УИХ-ын гишүүдийн хувьд санд орлого төвлөрөхгүй саатсанаас иргэдэд хувь хишгийг нь олгож чадахгүйд хүрэх бэрхшээлтэй тулгарах вий гэсэн болгоомжлол байв. Сангийн сайдын тайлбараар бол Хүний хөгжлийн санд төвлөрөх орлого муугүй аж. Энэ оны эхний гурван сарыг оруулан тооцвол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 116.1 тэрбум төгрөг орж иржээ. Уг нь 55.3 тэрбум төгрөг төвлөрөх ёстой ч давж биелэсэн. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрөөс 37.4 тэрбум төгрөг төвлөрөх ёстойгоос 13.7 тэрбум төгрөг орж ирсэн. Хувьцааны ногдол ашгаас мөн хөрөнгө төвлөрөх ёстой ч, гурав, дөрөвдүгээр улиралд орж ирнэ. Оюутолгойн ордын урьдчилгаа төлбөрөөс 132 тэрбум төгрөг орж ирэхээр төсөвлөсөн. Гэрээнд заасны дагуу зургадугаар сард багтаж, дээрх мөнгө орж ирнэ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Тавантолгойн ордод олборлолт хийж эхлээгүй ч 25 тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж чадсан нь УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, З.Энхболд нарын анхаарлыг ихээр татаж, энэ талаар тайлбар хийхийг хүссэн ч, Сангийн сайд тоймтой хариулт өгсөнгүй. Эцэст нь З.Энхболд гишүүн “Эрдэнэс Тавантолгой компанийнхан банкнаас 25 тэрбум төгрөгийг зээлээр авчихсан юм биш биз” гэж хардаад авсан юм.

Юутай ч, Хүний хөгжлийн сангийн орлого төвлөрөлтөд санаа зоволтгүй нь бололтой. Харин хуулийг өөрчлөхгүй бол амьдралаас олон олон жишээ гарч ирж буй гэнэ. Тухайлбал, хөдөлмөрөө хоршин жижиг, дунд үйлдвэр байгуулах хүсэлтэй иргэд 21 мянган төгрөгөө бөөнд нь авах бололцоотой бол хүнд өвчин туссан хамаатныхаа эмчилгээний төлбөрт зориулан хувь хишгийг бөөнөөр нь авах бололцоогүй. Хуульд өөрчлөлт оруулаад ийм сонголт хийх эрх олгочихвол банкны гадаа дугаарлах иргэдийн бөөгнөрөл ч багасах боломжтой болно.

Нөгөөтэйгүүр, Засгийн газрын зүгээс орон сууц худалдан авах иргэдэд хишиг, хувь хүртээхдээ нэг сая төгрөгийг урьдчилгаа төлбөр хэлбэрээр санхүүжүүлэхээр бодлого боловсруулж эхэлжээ. Энэ асуудлыг ирэх лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тиймээс энэ мэт асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын зүгээс Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барихад хүрч байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж