&#34Оюутолгой&#34-оос 2000 хүн халагдаад байна

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

&#34Оюутолгой&#34-оос 2000 хүн халагдаад байна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооноос “Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниуд ажилчдаа халж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Уг хэвлэлийн хуралд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооны дарга С.Ганболд, Монголын Тээвэрчдийн холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын барилгачдын эздийн үйлдвэрчдийн холбооны дарга н.Батцогт нар оролцсон юм. Мөн “Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниудын ажлаас халагдсан ажилчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооны дарга С.Ганболд хэлэхдээ ““Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниудын ажлаас халагдсан ажилчдын төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байгаа ч олон нийтийн өмнө ил гарч болохгүй байгаа. Учир нь “Оюутолгой” компани туслан гүйцэтгэгч компаниудаас халагдсан ажилчдыг олон нийтийн хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэсэн бололтой. Одоогийн байдлаар “Оюутолгой” компаниас 61 хүн албан ёсоор халагдаад байна. Харин туслан гүйцэтгэгч компаниудаас 2000 орчим ажилчид халагдсан мэдээтэй байна. Тиймээс манай ҮЭ-ийн холбоо өчигдөр Хөдөлмөрийн яаманд хандаж, ажлаас халагдсан хүмүүсийн бодит тоог өгөхийг хүссэн. Өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. Манай ҮЭ-ийн зүгээс “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч компаниуд
ийм олон хүнд яагаад цомхотгол нэрээр мэдэгдэл өгч эхлэв гэдгийг бид
гайхаад байгаа. Ажлаас халагдсан мэдэгдлийг уншихаар “цомхотголд оруулж
байна, Оюутолгойн далд уул уурхайн барилга байгууламжийн үйл
ажиллагаагаа түр хугацаагаар хойшиллоо” хэмээн бичсэн байгаа юм. Уг нь
цомхотгол, сул зогсолт хоёр нь өөр ойлголтууд юм. Үүнд гүйцэтгэгч
компаниуд нэгдсэн тайлбар өгөх хэрэгтэй байх. Хэрэв гүйцэтгэгч
компаниудын удирдлагууд “ажилчдаа цомхотголд оруулж байгаа гэвэл хоёр
хүний нэг нь ажлаас халагдаж, үйл ажиллагаа хэвийн үргэлжилэх ёстой.
Харин сул зогсолт гэвэл үйлдвэрлэлээ зогсоогоод Хөдөлмөрийн хуулийн
дагуу ажилчиддаа сул зогсолтын цалин хөлсийг олгох үүрэгтэй. Гэтэл
тэдний ажлаас чөлөөлөх мэдэгдэлд дээрх хоёр ойлголтыг бичсэн байна. Мөн
энэ хугацаанд зүй бус явдал гаргавал тэтгэмжийг нь өгөхгүй гэж бичсэн
байгаа юм. Энэ нь ямар учиртайг тэд бас тайлбарлах хэрэгтэй” хэмээн
ярьсан юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж