Өнгөрсөн долоо хоногт УИХ нэгэн шинэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулж, хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай уг хуулийн төслийг эцэслэн батлах хүртэл дор хаяж 14 хоногийн хугацаа шаардагдана. Нийт 25 зүйл, 140 гаруй заалт бүхий уг хуулийн төсөл нь төрийн албан хаагчид болон төрийн байгууллагын зүгээс иргэдэд ямар мэдээллийг нээлттэй байлгах, мөн ямар мэдээллийг өгөхийг хориглох тухай нарийвчлан зааж өгсөн юм. Урьд нь хуулиар хориглосноос бусад мэдээллийг авах боломжтой гэсэн хуулийн логик байсан бол хойшид хуулиар зөвшөөрсөн мэдээллийг л иргэдэд нээлттэй болгоно гэсэн үг.
Хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй харилцан хамааралтай өөр хоёр ч хуулийн төслийг сураг гараад байгаа нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон Хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хуулийн төслүүд. Гэвч энэ хоёр төсөл одоогоор УИХ-д хараахан орж ирээгүй, төсөл боловсруулах шатандаа яваа аж. Мөн Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч УИХ дээр яригдаж байгаа. Эдгээр хуулиуд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуультай харилцан хамааралтай тул нэг дор хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал ч зарим гишүүдийн зүгээс гараад буй. Гэхдээ Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг нэгэнт яваад эхэлчихсэн тул үлдсэн гурван хуулийн төслийг хүлээхгүй батлах магадлал өндөр.
Уг хуулийн төслийн гуравдугаар зүйл буюу “Хуулийн үйлчлэх хүрээ” гэдэг хэсэгт УИХ, Засгийн газар, ЕТГ, ҮАБЗ-ийн ажлын алба, төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, бүх шатны шүүх, прокурор, УИХ-аас томилдог байгууллагууд болон нутгийн зариргааны байгууллагууд, орон нутгийн өмчит болон төрийн өмчит байгууллагууд, Олон нийтийн радио телевизүүдийг хамааруулж, дөрөвдүгээр зүйлд уг хуулийн нэр томьёоны тайлбарыг оруулсан байна Харин туслийн 5-10 дугаар зүйлд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, эндээс гаргаж буй шийдвэрүүд, төсөв хөрөнгө, төсвийн зарцуулалт, боловсон хүчний асуудал иргэдэд нээлттэй байхаар төсөлд тусгасажээ. Тухайлбал, “Төсөв санхүүгийн ил тод нээлттэй байдал” хэсэгт дээр нэр дурьдсан байгууллагуудын тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байршуулахаар заасан байна.
-Тухайн жилийн төсвийг жил бүрийн нэгдүгээр сарын 10-ны дотор,
-Урьд оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ны дотор,
-Дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн наймдугаар сарын 15-ны дотор,
-Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор байршуулахаар.
Төслийн аравдугаар зүйл буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдал” хэсэгт тендерийн баримт бичиг, тендер шалгаруулах журам, тендерийн урилга зэрэг холбогдох бүх мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбартаа байршуулах, тендерийн үнэлгээний хороонд хоёроос доошгүй мэргэжлийн холбоодын /ашиг сонирхлын зөрчилгүй болохоо мэдэгдсэн байх шалгуурыг тавьсан/ төлөөллийг оруулах, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, худалдан авсан бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтад хийсэн аудитын тайлан, хяналт шалгалтын тайлан зэргийг цахим хуудсанд байршуулж, тухай бүр шинэчилж байхаар тусгасан байна.
Иргэдэд ч бас шалгуур тавина
Харин “Мэдээлэл авах эрх, эрх чөлөө” буюу хуулийн төслийн арваннэгдүгээр зүйлд иргэд мэдээлэл авах хэлбэр, хуулийн хугацаа, тавих шалгуурыг зааж өгчээ. Энд иргэн, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад бүх мэдээллийг авах эрхтэй гээд мэдээлэл авахын тулд иргэн, хуулийн этгээдээс шаардах мэдээллийг мөн нэмж оруулжээ. Тухайлбал, иргэд мэдээлэл авахын тулд өөрийн овог нэр, оршин суугаа газрын хаяг болон цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэхийн дугаар, түүнтэй адилтгах бичиг баримт /гадаад паспорт, жолооны үнэмлэх гэх мэт/ бичгийн дугаарыг бичин гарын үсгээ зурсан байх, харин хуулийн этгээд мэдээлэл авахаар бол нэр хаяг, цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаараа бичин хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсгийг зурсан байх шаардлага тавьжээ. Хэрвээ дээрх мэдээллүүд дутуу буюу буруу өгөгдсөн бол хариуцаж буй албан тушаалтан “шаардлага хангаагүй” гэж үзээд мэдээлэл өгөхөөс татгалзах, харин шаардлага хангасан тохиолдолд ажлын долоо хоногийн дотор уг мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Мөн энэ хууль хүчин төгөлдөр болбол иргэд, байгууллагууд төрийн байгуулллагаас шаардлагатай мэдээллээ авахын тулд тодорхой хэмжээний хураамж төлөхөөр болсон байна. Гэхдээ энэ нь зөвхөн уг мэдээллийг гаргаж өгөх зардлыг тооцсон хураамж байх юм.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед зарим гишүүдийн зүгээс “төрийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн шаардсан мэдээллийг ажлын долоо хоногийн дотор гаргаж өгнө” гэдэг дэндүү урт хугацаа байна гэдгийг шүүмжилсэн. Мөн хуулийн төслийн 17 дугаар зүйлд заасан “Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах үндэслэл байгаа бол мэдээлэл өгөхөөс татгалзах” тухай заалтын талаар тодруулахад хуулийн төслийг танилцуулсан ЗГХЭГ-ын дарга Ч.Хурэлбаатар “Энэ талаар хэлэх жишээ байхгүй тул уг заалтыг хуулийн төслөөс хасах боломжтой” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, ямар мэдээлэл үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх, ямар мэдээлэл нөлөөлөхгүй талаар нарийвчилсан тодорхойлолт, буюу харьцуулах үнэлэмж өнөөдөр манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад байхгүй. Тиймээс хуулийн төслийг энэ хэвээр баталбал мэдээллийг хэрхэн үнэлэх нь тухайн байгууллага, албан тушаалтныг хувийн үзэмжээс хамаараад явчих талтай.
Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө Нууцын тухай хуулийг батлах нь зүйтэй, тэгэхгүй бол бүх мэдээллээ “хувийн нууц”, “байгууллагын нууц” руу чихчих юм биш үү гэсэн саналтай гишүүд цөөнгүй байсан. Мэдээлэл өгөхөөс татгалзах бас нэг үндэслэлд “Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулллагад хяналт шалгалтын шатанд байгаа хэрэгтэй холбоотой бол, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол, тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах явцтай холбоотой бол” мэдээлэл өгөхөөс татгалзахаар төсөлд тусгасан байна.
Мэдээллийн ил тод байдал хэвлэлийн эрх чөлөөнд нөлөөлөх үү?
Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль нь хэвлэл мэдээллийн байгууллагад ч бас хамаатай юу? Хуулийн төслийг санаачлагчдын зүгээс энэ тухай “Уг хууль нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хуультай огт холбоогүй, зөвхөн иргэдийн мэдээлэл авах эрхийг хуульчилсан” гэсэн тайлбарыг хийж байгаа. Гэвч иргэдийн мэдээлэл авах эрхээс дээгүүр хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн тухай ойлголт байхгүй. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн байгууллагууд ч яг энэ хуульд заасан мэдээллийг авах, мөн олон нийтэд түгээх эрхтэй гэсэн үг. Харин Хэвлэл мэдээллийн байгууллагын тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нь зөвхөн хэвлэлийн мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа буюу мэдээллийг боловсруулах, түгээхтэй холбогдсон хариуцлагыг л зохицуулдаг. Өөрөөл хэлбэл, энэ нь бусад хуулийн этгээдээс давуу эрхтэйгээр мэдээлэл олж авна гэсэн үг биш, харин өөрсдийн олж авсан мэдээллийг нийтэд түгээх тухай асуудал юм. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллага улсын болон хувийн нууцад хамаарах мэдээллийг олж авсан, түгээсэн нөхцөлд хэн хариуцлага хүлээх вэ?
Хуулийн төслийн 24 дүгээр зүйл буюу уг хууль тогтоомжийн зөрчигчид хүлээлгэх хариуцлагын тухай зааж өгсөн байна. Тухайлал, 24.1.1 буюу нийтэд мэдээлэхийн хориглоогүй мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд иргэн, хуулийн этгээдэд гаргаж өгөөгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-6, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, харин Монгол Улсын гадаад нэр хүнд, үндэсний аюулгүй байдалд харшлах мэдээллийг бусдад дамжуулсан албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, иргэн, байгууллагын нууцыг задруулсан бол хөдөлмөрийн хөлсний дод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийг ногдуулахаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, нууц мэдээллийг ил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага бус, уг мэдээллийг хариуцаж буй албан тушаалтан хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Гэвч энэ бол хуулийн логик. Үүнийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд давхар тусахгүйгээр хэвлэлийн мэдээллийн байгууллагад хамгаалалт болж чадахгүй л болов уу.