Байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун бай

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун бай

Күнз “Байгаа бүх юмнаасаа аль болох их
таашаал авч амьдралаа аз жаргалтай өнгөрөө. Тэнгэрт тэргэл сар гарсанд ч
баярлан шөнөөр сар харан, голын чимээ сонсож сэтгэлээ баясга. Амьд явахын утга
учир энэ” гэж өгүүлжээ. Хүн төрөх нь үнэн, өтлөх нь үнэн, үхэх нь үнэн энэ
хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг л хойно өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун,
байгаа зүйлээрээ бахархан урамшиж, ойр дотныхондоо халуун дулаан үг хайрлаж,
нинжин сэтгэлийн цагаан мөрийг гүн бат гаргаж амьдрах хэрэгтэй. Нэгдүгээрт, та
мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Хоёрдугаарт,
та энэ бичлэгийг уншин суугаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм.


Жишээ нь: Би машингүй өглөө орой бүр ажил гэрийн хооронд алхаад их даарах юм,
хөлдөх нь гээд бухимддаг бас хажуугаар өнгөрөх машинтай хүмүүст атаархдаг
байлаа. Гэтэл хэдэн өдрийн өмнөөс миний өмнө нэг суга таягтай, нэг хөл нь
өвдөгнөөс нилээд дээгүүр тайрагдсан сайхан хувцасласан, дэгжин залуу ажилдаа
алхаж явахыг харлаа. Түүнийг араас нь хараад алхаж явахдаа надад машин тийм
чухал хэрэгтэй биш хоёр хөл минь бүрэн бүтэн байгаа л чухал юм. Байгаа зүйлдээ
сэтгэл хангалуун байх гэдгийг ойлгосон. Тэр залуу их сайхан газар ажилладаг.
Түүний мэдлэг боловсрол, чадвар, сэтгэлийн хат нь зүйрлэшгүй их бололтой. Түүнд
ч мөн бахархан, сэтгэл хангалуун байх зүйл олон гэдэгт итгэж байна.


Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз
таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ
илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгоныхоо хамгийн
нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи
хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж
өнөр өтгөн сайхан амьдарлаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ.
Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч
болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр
өвдөн удаан тарчилж үхжээ. Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал
хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь үгүй
ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. За би чамд
сануулъя надтай уулзаад явсны чинь дараа чамд нэг гайхалтай наймаа хийж үзэх
бодол төрсөн үү? гэж асуухад нөгөө эр тиймээ гэв. Чи тэгэхэд за над шиг амьтан
яаж тийм зүйл хийж чадах вэ? гээд юу ч хийгээгүй. Хэрвээ чи бодсоноо
хэрэгжүүлсэн бол миний хэлснээр баян худалдаачин болж сайхан амьдрах байлаа.
Харин тосгоны баяраар чиний дэргэдүүр ганган хээнцэр хувцастай, үзэсгэлэн гоо
төгс бүсгүй зөрж өнгөрөхөд чи өөрийн эрхгүй татагдаж түүнтэй гэрлэхийн тулд
амиа ч өгөхөд бэлэн мэт санагдаж байсан тиим үү? гэж асуухад нөгөө эр тиймээ би
тэр эмэгтэйг сайн санаж байна гэв. Хэрэв чи тэгэхэд тэрэн дээр очсон бол хожим
чиний насны чинь хань болох бүсгүй байсан юм. Гэвч чи мөн л энэ сайхан амьтан
яаж над шиг ядуу хоосон эрийг тоох вэ? гээд очоогүй. За чи харав уу би хэлсэн
бүхнээ өгсөн харин нэгийг нь ч чи авсангүй тэгэхээр надад гомдох хэрэггүй
өөртөө л гомд гэжээ.


        
Тиймээс та өөртөө итгэн хийж буй үйлийнхээ эцсийг нь үзэж, хэлж буй үгийнхээ
эзэн нь байгаарай. Жаргал зовлон ээлжлэн байх энэ л амьдралын нугачаанд бид
оршин байхдаа хэрхэн орших өөрийн амьдралын зургийг зурдаг.

Эх сурвалж: http://police_setgelzuich.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж