
2011-2012 онд “Цэвэр агаар сан”-гаас нийслэлийн агаарын бохирдлыг буруулахад 48 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний 32 тэрбумаар нь том, жижиг зуух үйлдвэрлээд тараачихсан бололтой юм. Харин гурван тэрбум гаруйг нь дарга нар нь хусчихсан. Одоо Ганц худагт энэ хэргээсээ болж шалгагдаж байгаа юм билээ. Ял авах нь тодорхой л доо.
Нийслэлийн 45 мянган өрх эрчим хүчний хэмнэлттэй зуухны төсөлд хамрагдалгүй үлдсэн байна . Тэдгээр айлуудыг сайжруулсан зуухаар хангах ажлыг “Цэвэр агаар сан” болон “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл хамтран хийж гүйцэтгэхээр болжээ. Илүү тодорхой хэлбэл, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох замаар сайжруулах зуухыг тараах юм байна. Түүнийгээ Монгол,Турк, Хятадад хийлгэх юм гэсэн. Нэг бүрийнх нь үнэ 29 мянган төгрөгөөр үнэлж байгаа юм байна. 2013 оны төсвөөс харахад “Цэвэр агаар сан”-гаас утаагүй зууханд зориулж 14.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингээд нийтдээ энэ 2013 онд 30 гаруй тэрбум төгрөгөөр Улаанбаатарын утаатай тэмцэхээр болоод байна. Үр дүнгээ өгч чаддаг бол утаанд хичнээн тэрбумыг цацсан хамаа байж уу. Харин өнгөрсөн өвөл лав Улаанбаатар агаарын бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд аман хүзүүдсэн юм даг. Энэ жил хэдэд орохыг хэлж мэдэхгүй байна. Өвөл болохоор нийслэлчүүд гэнэт сэрсэн аятай шахмал түлш үйлдвэрлэж, яндан тоолоод эхэлдэг. Яндангаас татвар авья гэсэн яриа нэг хэсэг шуураад өнгөрсөн юм даг.
Шахмал түлш гэснээс үйлдвэрт нь бас асуудал гарсан гэсэн шүү. Өнгөрсөн жил 32 тонныг үйлдвэрлэх ёстой байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод наймхан тонныг зах зээлд нийлүүлсэн юм даг уу даа. Хэдэн жилийн өмнөөс нийслэлийн гэр хорооллынхонд зориулж, “Цэвэр агаар” сангаас утаа бага гаргадаг зуух тараасан. Зуухнууддаа “Хас”, “Өлзий”, “Дөл” гэх гоёмсог нэр өгөхөө ч мартаагүй юм даг. Гоё нэртэй балаг ихтэй зуухнуудаас болж цөөнгүй айл орох оронгоо, цөөнгүй иргэн амиа алдсан хэрэг гарсан. Холбогдох хүмүүс нь одоо хоолтойгоо холиод идчихсэн болохоос биш тухайн үед бөөн л дуулиан болж байсан билээ. Утаагүй зуухыг тарааснаар нийслэлийн агаарын бохирдлыг 40 хувь бууруулна гэж тооцжээ. Үнэн худлыг нь ирэх өвлийг харан байж дүгнэе. Үндэсний хорооныхон утааны хэмжээ буураагүй ч хорт бодисынх нь агууламж багассан гэсэн тайлбарыг хийж байна. Хорт бодисын агууламжийг нь нүдээр харж, гараар тэмтрээд үзчихэж болохгүй хорооны гишүүдийг үг үнэ байх аа.
Уг нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь орон сууцжуулах төсөл гэдгийг дээр дооргүй л ярьсаар ирлээ. Даанч, нүүрсийг нь, зуухыг нь, шахмал түлшийг нь бэлтгэж өгөөд байхаар чинь Хүрлээгийн /Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү/ хэлдэг цонхоо онгойлгохоор агаар орж ирээд ч байгаа юм шиг угаар орж ирээд ч байгаа юм шиг бололгүй яах вэ дээ.
Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооныхон хоолой хорсгом хошин шийдвэр гаргаж суухаар гэр хорооллын тэлэлтийг бууруулах томоохон төслийг гадныхантай хамтран хэрэгжүүлмээр байна. Цахилгаан станцаа барих ажлыг яаравчлуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран ажиллаж яагаад болохгүй гэж. Зуух тарааж, яндан тоолох нь тэдний хийх ёстой үндсэн ажил биш шүү дээ. Магадгүй зуух тараах нь хэн нэгэн дарга, даргын ах дүү нарт ашигтай байж болохыг хэн мэдлээ.