
Зурагтаар залуухан ээж ярилцлага өгч байна. Гурван настай хүүгээ харъяалалын дагуу өгөх гэхээр хаа байсан Нисэх рүү явах болчихоод байдаг. Ажил, гэртээ ойрхон өгье гэхээр авах цэцэрлэг олдохгүй байгаа гэнэ. Асуудал нь цэцэрлэгийн хүүхдүүдэд биш оюутнуудад хамаатай байсан бол аль хэдийн төр анхааралдаа авчихсан байгаа л даа. Харин Цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо гэж байхгүй болохоор л өдий болтол цэцэрлэгийн асуудлыг цэгцэлж чадахгүй байгаа хэрэг. Оюутан болох нь цэцэрлэгт орохоос хялбархан, бас халамж ихтэй.
Цэцэрлэг хүрэлцэхгүй байна, ачаалал нь хэтэрлээ, байр сав нь хуучирч муудлаа гэсэн яриа хаа сайгүй л өрнөж байна. Бараг л хичээлийн шинэ жил болгоноор яригддаг сэдэв ч жилдээ ганц нэг цэцэрлэг барьдгийг эс тооцвол энэ асуудал гавьтай шийдэгдсэнгүй. Гэтэл төрөлтийн тоо жилээс жилд нэмэгдэж, Үндэсний статистикийн хорооныхны гаргасан судалгаагаар энэ оны долоон сарын байдлаар 45813 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3000 гаруйгаар илүү гэнэ.

Наймдугаар сар гарсаар эцэг эхчүүд хүүхдээ хаана, ямар цэцэрлэгт өгөх вэ гэдэг хүнд асуудалтай тулгарч эхэллээ. Цэцэрлэгт явах насны гурван хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагддаг гэхээр үлдсэн хоёр нь цоожтой хаалганы цаана, эцэг эхээ ирэхийг хүлээн өдөржин өнжих хэцүүхэн даваатай учрах нь. Тиймээс ч эцэг эх цэцэрлэгийн гадаа өнжин, хонон дугаарлаж байгаа гэнэ. Нялх үрээ цоожлоод явахыг хүсээгүй зарим нь гэртээ хүүхдээ харахаас өөр сонголт байхгүй. Залуу гэр бүлийг дэмжинэ л гэдэг. Хүүхдээ өгчих цэцэрлэгийнхээ тоог нэмж чадахгүй байж яаж, ямар утгаар дэмжих гэсэн юм бүү мэд.
Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр нэмэгджээ. Сарын төлбөр нь 300-400 мянган төгрөг гээд тооцвол жилийнх нь 3.6-4 сая төгрөг болж байна. Гэтэл Монголын хамгийн үнэтэй дээд сургуулийн төлбөр үүнээс л хамаагүй хямдхан байгаа шүү дээ. Гэтэл ийм өндөр үнэтэй цэцэрлэгт хүүхдээ өгч чадах гэр бүл хичнээн байгаа билээ. Байр, машины зээлтэй хүмүүс хувийн цэцэрлэгт тэр болгон хүүхдээ өгч чадах уу.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэр цэцэрлэг гэдэг хуулийн төсөл санаачилаад байгаа. Зурагтаар ярьж байхыг нь хальтхан сонсоход, гоё л юм билээ. Даанч яг өнөөдрийн Монголын орчин нөхцөлд тохирох уу гэдэг бас нэг асуудал байна. Хүүхэд эмзэг, тэр тусмаа хүүхдийнхээ асуудалд эцэг эхчүүд бүр ч эмзэг ханддаг. Гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэй өөр айлын гурван хүүхдийг харах байр савны хүрэлцээ юу билээ. Харин үүнийхээ оронд улсын цэцэрлэгийн ачааллыг багасгаж, цоожтой хаалганы цаана өнжих хүүхдийн тоог цөөлөе гэвэл хувийн цэцэрлэгүүдэд тодорхой хэмжээний дэмжлэг төрөөс үзүүлж, төлбөр мөнгийг нь бууруулах талаар анхаарч болохгүй гэж үү. Хувийн их дээд сургуулиудад суралцах оюутнуудад төрийн сангийн зээл олгож болсон юм чинь хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх аав ээжүүдэд төрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг болбол аль алиндаа ашигтай байхсан.
Төрөөс 1450 мянган оюутанд 70 мянган төгрөг өгдөг гэвэл сардаа 11 тэрбум гаруй, жилдээ 130 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгөөр хичнээн цэцэрлэг барьж болох вэ. Элдэв халамж, нийгмээс үзүүлж байгаа тусламж нэрийн доор зарцуулах мөнгөөрөө боловсролын салбарт бодит хөрөнгө оруулалт хийх цаг болжээ.