Аянга бууснаас цахилгаан түр хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Аянга бууснаас цахилгаан түр хязгаарлажээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр ширүүн бороо орж, аянга буусан тул Баянзүрх дүүргийн 15-р хорооны цахилгааныг түр хязгаарласан байна. Аянга бууснаас болж нийслэлд гал гарсан гэсэн мэдээлэл цахим хэрэгслээр гарсан. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын  Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлд өчигдөр хүчтэй аянга буусан. Үүнээс болж ямар нэгэн хохирол учирсан уу?

-Өнгөрөгч шөнө буюу наймдугаар сарын 20-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн  Зайсангийн орчмоор хүчтэй аянга буусан. Аянга бууснаас болж хүний амь нас эрсдэж, ноцтой хохирол учраагүй. Харин аянганаас урьдчилан сэргийлж, Баянзүрх дүүргийн 15-р хорооны цахилгааныг түр хугацаагаар хязгаарласан. Өнгөрөгч шөнө галын дөрвөн дуудлага ирсэн. Гэхдээ эдгээр дуудлагууд аянга буусантай холбоогүй. Хогийн суваг шатсан дуудлага байсан. Сүүлийн үед иргэд хогоо ачуулахгүй, харьяа дүүрэг, хороо нь хогоо цагт нь ачуулаагүйгээс үүссэн галын дуудлага ирсэн.

-Энэ сард бороо их орж байна. Бороо их орж, үер бууснаас айл, иргэд хохирох тохиолдол гарч байна уу?

-Усархаг бороо орсны улмаас далан сэтрэх, үерт автах тохиолдлууд гарч байгаа. 2013 оны эхний хагас жилийн байдлаар уснаас болж таван хүн амиа алдсан тохиолдол гарсан ч нийслэлийн Онцгой байдлын газар 278 хүнийг үер усны аюулаас авран хамгаалаад байна. Мөн нийслэлд үерийн аюултай бүсэд 2000 гаруй хүн амьдарч байгаагаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Онгцой байдлын газар болон дүүргүүдийн газрын албаныхантай хамтран нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна.  Гэвч нэг айлыг нүүлгэн шилжүүлсний дараа нөгөө нэг айл үерийн аюултай бүст ирээд буух зэрэг хүндрэлүүд гарч байна.  Эдгээр айлууд бүгд газрын зөвшөөрөлгүй учраас дүүрэг, хорооны газрын хэлтэстэй хамтран үерийн аюулгүй бүсэд газар олгох ажлыг хийж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж