
Нигерийн хойд хэсэгт 2009 оноос хойш бослого үймээн дэгдээж, террорист үйл ажиллагаа явуулдаг лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн лидер Абубакар Шекау буудалцааны шархны улмаас амь үрэгдсэн байж магадгүй гэнэ. Нигерийн тагнуулчдын мэдээлж буйгаар “Боко Харам” бүлэглэлийн лидер Абубакар Шекау өнгөрсөн долдугаар сарын 25-энэ сарын 3-ны хооронд амь үрэгдсэн байна. Бүр нарийвчилбал өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Нигерийн хойд хэсгийн Самбиса уулан дахь “Боко Харам”-ын нууц бааз руу армийнхан довтлох үеэр Абубакар Шекау бууны суманд оногдож шархатсан гэнэ. Үүний дараа тэрээр хилийн Амитчиде тосгон руу зугтаж, хөрш Камерун улсад очин эмчилгээ хийлгэхээр явж байхдаа шархаа даалгүй амь үрэгдсэн аж.
Абубакар Шекау нь “Боко Харам”-ын өмнөх лидер Мухаммад Юсуфыг цагдаагийн баривчилгаанд байхдаа амь үрэгдсэний дараа орыг нь залгасан байна. АНУ-ын зүгээс “Боко Харам” бүлэглэлийн лидер Абубакар Шекаугийн толгойг долоон сая ам.доллараар үнэлсэн байна.
Б.АНХТУЯА