Засгийн газар нэг нас хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар нэг нас хүрэв

“Тэд нэг жилийнхээ ойг яагаад тэмдэглэхгүй байна. Хийсэн бүтээсэн зүйлгүй болоод ичээд байгаа юм уу, өнөө дуу хуур, арга хэмжээ нь хаачсан бэ” гэж өрсөлдөгч намынхан нь шордоно. Харин Засгийн газрынхан таг чимээгүй.

Яг жилийн өмнөх энэ өдөр буюу УИХ-ын 2012 оны наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томиллоо. Засгийн газрын гишүүн, Шадар сайдад нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, Сангийн сайдаар Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн С.Оюун нар УИХ-ын хуралдаанд оролцогсдын олонхийн санал авсан байна.Ингэснээр АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын "Шударга ес" эвслийн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан юм.

365 хоногийн өмнө Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулчихаад хэлсэн эхний илтгэлдээ “Сүүлийн жилүүдэд олон арван ажлыг оронцоглож, нүглийн нүдийг гурилаар хуурч ирснийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тавьсан зам нь тал өдрийн борооноор угаагдан урсаж, барьсан барилга нь өндөр үнэтэй ч үнэндээ ямарч чанаргүй, хот, аймгийн тохижилт нэртэй төлөвлөлт, тооцоогүй төсвийн хөрөнгө үрж тарьж суулгасан хэдэн мод, зүлэг нь ганцхан жилийн настай гээд олон жишээ бий… Өнөөдөр инфляцийг маш ихээр өсгөж байгаа махны үнийг манай Засгийн газар хазаарлах болно” гэх зэргээр шүүмжилж, амлаж байлаа.

Өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан түүнд ажилтайгаа танилцах, суралцах, шалтгаан уг нь байхгүй. Өмнө ямар асуудалтай байгааг мэдэхгүй гэх ч зүйлгүй. Товчхон дүгнэвэл хийх гэж оролдсон зүйлүүд нь нэг л бүтэлтэй болж өгөөгүй л байна. Гэвч шүүмжлүүлж байна гэдэг нь ямар нэг юм хийж байгааг харуулдаг гэдгийг мартаж болохгүй. 

МӨНГӨ ЗӨВХӨН ӨР ТӨЛӨХӨД ЗОРИУЛАГДАНА

Засгийн газрын ажлыг үнэлэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтээр нь үзвэл өнгөрөгч оны мөн үеийнхээс унасан үзүүлэлттэй байгаа. Үүнийг нь харвал муу үнэлгээ тавьчихаж болно. Гэвч яалт ч үгүй өнгөрсөн Засгаас өвлөж авсан өр дээрх үзүүлэлтэнд нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Үнэхээр өнөөдөр Монгол улс нүүрс, зэс, алтаа бүгдийг нь гаргаж байгаа ч мөнгө орж ирэхгүй байгаа. Энэ талаар Н.Алтанхуяг сайд “Айл ажлаа хийгээд юмаа гаргаад байгаа хэрнээ ганц ам.доллар гэртээ оруулж ирж чадахгүй байна. Яагаад гэвэл, урд нь мөнгөө урьдчилж аваад хэрэглээд дуусчихсанд байгаа юм. Оюутолгойгоос 250 сая ам.долларыг аваад тараачихсан.Чалкогоос 350 сая ам.долларыг аваад тараачихсан. Яах вэ, Чалкод төлөх ёстойгоо нүүрсээрээ төлөөд 170 сая ам.долларын өртэй байгаа. Бид нүүрс гаргаад байгаа боловч үүний мөнгө нь өрөө дарахад л зориулагдана. Ингээд энэ ондоо өрөө төлж дуусахын тулд Тавантолгой ажиллаад л байна гэсэн үг.  Мөн манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг бас л хүнд байдалд оруулчихсан. Зэсээ гаргаж зарахаасаа өмнө мөнгөө аваад Хүний хөгжлийн сангаар дамжуулаад тараачихсан. Ингээд тооцохоор Монгол Улс маань 350+250+300 сая ам.доллар гэхээр бараг триллион төгрөгний хасах дүнтэй айл болж байгаа юм” гэсэн тайлбар хангалттай.

ЗАМ ЗАССААР

“Ерөнхий сайдын 30 минут”, “Бүтээн байгуулалтын цаг”, “Шинэчилж шийдье” зэрэг байнгын уулзалтуудаар голдуу зам засварын мэдээлэл явдаг. Үнэхээр Засгийн газрын нэг гол ажил нь зам. Зургаан аймгийн төв буюу Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудийн төвийг нийслэлтэй холбохын тулд 598.6 км зам тавих бөгөөд үүнд 300 гаран тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнийг бүхэлд нь Чингис бондын мөнгөөр хийх аж. Зургаан аймгийн төвийг хатуу хучилтаар холбох ажлаас гадна нийслэлийн “автозамын 33 уулзвар” Шинэчлэлийн засгийн газрын хийж буй ажлын нэг.Өнөөдрийн байдлаар зургаан уулзварыг шинэчлэх  ажил бүрэн дууссан. Энэ долоо хоногт Бөхийн өргөө, Тасганы овоо, 10 хороолол, Халдварт буюу Дархан Минжийн уулзвар, Ажилчдын гудамж зэрэг 5 уулзварын зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.

Гэвч “Эдийн засаг хямраад, мөнгө хэрэгтэй байхад хамаг мөнгөө зам засвар руугаа цутгаад байх юм. Үүнийхээ оронд Сайншандад ганц үйлдвэр хэрэгтэй биш үү” гэх шүүмжлэх нэгэн ч гарч байна.

Мөн Чингис бондныхоо мөнгийг санхүүжилт нь зогсоод буй найман хувийн хүүтэй зээлэнд зарцуулж болдоггүй юм уу гэ санал гарч байгаа ч “Чингис бондын мөнгийг бүтээн байгуулалтанд нь зарцуулна. Нэг ам.долларыг хоёр ам.доллар болгох зүйлд зориулах учиртай” гэх байр суурийг Засгийнхан хэлж байгаа.

НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Цөөнгүй хүнд эдийн засгийн боломж олгосны хажуугаар орон сууцны үнийг хөөрөгдөхөд өөрийн хувь нэмрээ оруулсан Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр Засгийн газрын өнгөрөгч хугацаанд хийсэн гол ажлын нэг. Энэхүү хөтөлбөрт хуучин орон сууцны зээлтэй байгаад найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт шилжин хамрагдсан 14894 иргэн байгаа бол 4543 иргэн шинээр зээл аваад байгаа. Хөтөлбөр гарахдаа ажил хөдөлмөр эрхэлж буй дундаж орлоготой орон сууцгүй гэр бүлүүдийг хамруулах байсан ч энэхүү зорилтот бүлэгтээ яг хүрээгүй гэж дүгнэхэд буруудахгүй. Анх Монголбанкнаас өмнө зээлтэй байсан иргэдийг найман хувьд хамруулах асуудлыг долоон сарын дараа болгох нь зүйтэй гэх зөвлөмж өгч байсан ч Н.Алтанхуяг хүчээр зүтгэж байж тэднийг багтааж орхисон. Үр дүнд нь дөрвөн мянга гаруй л хүн шинээр зээлэнд хамрагдсан. Мөн хөтөлбөрт яг хэрэгтэй шүүлтүүр хийгээгүйгээс олон хүн ах дүүгийнхээ байрыг худалдан авч байгаа болж зээл гаргуулах, өөрсдөө орон сууцтай хэрнээ дахин орон сууц худалдан авах тохиолдлууд гарсан.

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, НОГООЧДОД ЗОРИУЛСАН ПАВИЛИОН,
11-11 ТӨВ…

Жижиг сажиг зүйлд хэт их анхаардаг гэж шүүмжлүүлсэн нэг жил өнгөрлөө. Гэвч тэр жижиг зүйлс нь асуудлуудыг томрохоос нь өмнө шийддэг тул бүгдийг нь шүүмжлээд байх нь утгагүй. Бүтээн байгуулалтын цагийн нэгийг бүхэлд нь сурагчийн дүрэмт хувцсанд зориулсныг санаж байгаа байх. Ямартаа ч өмнө нь сурагчдийнхаа дүрэмт хувцсыг гадны материалаар хийдэг байсныг өөрчилснөөр 10 гаран тэрбум төгрөг үндэсний ноос ноолуур, оёдлын үйлдвэрүүдэд шингэж дотооддоо үлдэв.

Сэлэнгэ аймагт Ерөнхий сайд очоод хүсэх зүйл юу байна гэхэд нь “биднийг тарьж ургуулсан ногоогоо ачаад Улаанбаатарт очиж зарах үед л хавчиж дарамталдгаа больчих” гэж тодорхой хариулт өгч байв. Ногоо, махыг ченжүүдийг дамжлагаас гаргаж чадаагүй ч шууд үйлдвэрлэгчээс хэрэглэгч рүү хүргэж байж үнийг буулгадаг гэдгийг ойлгосон бололтой. Нийслэлд шинэ ногооны 20 павилионы эхний хэсгүүд байгуулагдаж эхлэхтэй зэрэгцэн ногооны үнэ буурлаа. Гэвч махны үнэтэй хэвээр үлдэв.

Дараагийн жижиг мэт зүйл бол 11-11 төв. Ямартаа ч одоогоор иргэдийн гомдол санал бүрийг бүртгэж авдаг болсон. Өөр нэг байгууллага руугаа шидэж, шийдвэрлэсэн зүйлгүйгээр саналыг хааж байгаа ч удахгүй саналууд шийдвэрлэгддэг болох биз.

Салбар бүрт ахисан, амжуулсан зүйл олонтай ч сүүлийн өдрүүдэд өнгөө харуулж буй эдийн засгийн үзүүлэлтүүд Засгийн ажлыг баллуурдчихаж. Ямартаа ч Засгийн газар нэг нас хүрлээ. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе. Засгийн газрын нэг нас гэдэг хүний амьдралынх нь дөрөвний нэгтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл бараг хорин нас хүрчээ. Муйхарласан, тэнэглэл, бардамналтай хүүхэд нас өнгөрсөн гэдгээ бодох боллоо.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж