&#34Гал хамгаалагч&#34-ийн үг

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

&#34Гал хамгаалагч&#34-ийн үг

Олон хүнийг гэрт нь буцаасан Оюутолгойн асуудлаас болж, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдваанчиг тойрохоо зуруулаад байгаа юм. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөрхөн хуралдаж, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу түүнийг ажлаас нь халж, оронд нь Да.Ганболдыг томилжээ.  Буруу тийшээгээ эргэчихээд байгаа эдийн засгийн байдал дээр дөрөөлж, Оюутолгой ч өөрсдийнхөө тоглолтыг хийх болсон.  Гадаад, дотоод хямрал дээр тулгуурлаж, “Рио Тинто” нөхцөл байдлыг овжин ашиглан Монголын Засгийн газрыг буланд шахаж эхэлсэн нь эдийн засагт доргилт өгч магадгүй болчихоод байна.

Шинэчлэлийн Засгийн газартай хэл амаа ололцохгүй байгаа “Рио Тинто” өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн ууртай байсныг, учир зүйгээ ололцохгүй хувь нийлүүлэгчдийн асуудлаас болж, дунд нь  олон сар гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ирснээ Ц.Сэдваанчиг яриандаа дурджээ. Өөрөөр хэлбэл, “Засгийн газар, Риогийн хооронд "гал хамгаалагч" болох үүргээ найман сар гаруй хугацаанд гүйцэтгэлээ.  “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. Гэрээг сайжруулж болох үүдийг нээж өглөө. Цаашид манай тал зорилгоосоо буцалгүй, бууж өгөлгүй ажиллах нь чухал” шүү гэдгийг тэрбээр Засгийн газарт сануулахын завсар илэрхийлээд суудлаа өгсөн шалтгаанаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар “ Рио- Тинто”-д  нэмэлт санхүүжилтийн асуудлаар захидал бичсэн явдал гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Асуудал захиа явуулсан нөхөртөө ч биш, захианд дурдсан агуулгадаа байсан гэдэг нь тодорхой боллоо. Дээр нь нэмэлт санхүүжилтийн асуудлыг Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээрийн ширээний ард суух бүрийдээ ярилцсан ч шийдэж чадаагүй учраас энэ асуудлыг УИХ-аар шийдэх болно гэсэн үгийг захидалд “шигтгэсэн” нь Монголын эдийн засаг гадаад валютаар ангаж байгаа үеийг ашиглаж хөрөнгө оруулагчид далд уурхайгаа хааж, шантааж үзүүлэх далим гэлтэй. Харин том хэрэг мандуулаад байгаа жижигхэн захидлаас болж  байдал буруу тийшээ эргэнгүүт Засгийн газар хэн нэгэнтэй хариуцлага тооцохоос өөр гарц үлдээгүй бололтой. "Гал хамгаалагч"-аа золиослон галыг унтрааж чадвал  болж л байна. Монголын эдийн засагт үнэхээр ашигтай бол хэн нэгэн даргыг суудлаасаа огцруулах нь тийм ч сүртэй асуудал биш. Үүнийгээ ч тэр хүлээн зөвшөөрч, “Улс оронд хэрэгтэй шийдвэр бол миний золиос болох хамаагүй. Дарга нар “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол болох нь тэр” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

"Гал хамгаалагч"-ийн үүргийг гүйцэтгэж, даргынхаа даалгаврыг биелүүлснийхээ төлөө огцорсон түүний хувьд Засгийн газарт гэрээг сайжруулах боломж олдож байгааг онцлоод, хөрөнгө оруулагчдын шантаажинд автахгүй байхыг анхааруулсныг бас цохон тэмдэглэе.

Ер нь  сүүлийн нэг жилийн хугацаанд Оюутолгой төслийн санхүүжилтийг Засгийн газар шийдэж өгөлгүй явсаар өнөөдрийг хүрчихээд байгаа. Яагаад өдий болтол санхүүжилтийг нь удаашруулав, хойшлуулах ямар шалтгаан байсан бэ гэдгээ хувь нийлүүлэгчид Монголын ард түмэнд ил тодоор тайлбарлах цаг болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хэлэлцсэн нь өнөөдөр үүсээд байгаа бүх асуудлын үндсийг тавьсан бололтой. Хувь нийлүүлэгчдийн хурлаар “Рио Тинто” нэгэнтээ “Цаашид  нэг ч ам.доллар нэмж оруулахгүй, өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ” гэдгээ илэрхийлсэн нь аль хоёрдугаар сараас асуудал бишидсэнийг нотоллоо. Эндээс харахад хувь нийлүүлэгчид өдий болтол хэл амаа ололцохгүй байгаа шалтгаан нь болсон бизнесийн нууц хэлбэрээр Монголын ард түмэнд мэдэгдэхгүй  байгаа далд уурхайн хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлүүд юу байв аа гэдэг нь  сонирхол татаж байна. Харамсалтай нь, бизнесийн нууцаар халхавчлагдсан нэмэлт хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөл, гэрээний талаар Монголын ард түмэн  сайн мэдээлэлгүй байгаа. Хэдэн үе дамжсан өр зээлийн нөхцөл яригдаж байгаа гэх энэ сэдвийг уг нь бүгдээрээ мэдэх эрхтэй, тийм ч учраас хувь нийлүүлэгчид энэ талаараа тайлбарлах хэрэгтэй болжээ.

“Рио Тинто”-той байгуулсан гэрээгээ өөрчлөх боломж бүрдээд байгааг гэх  экс захирлын үг олон нийтийн дунд багагүй маргаан үүсгээд байна.  Интернэтэд үлдээсэн сэтгэгдлүүдээс харахад боломжийг ашиглан “Рио Тинто”-г дарж авахыг нэг хэсэг нь зөвлөж байхад харин нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Оюутолгойн төслөөс болж Монголын ард түмэн хүртэл хоёр хуваагдчихсан. Ард түмнийг хүртэл хоёр хуваагдахад хүргээд байгаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг одоо олон нийтэд ил болгоё.

Холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж