тусламжийн төвийнхэн үзүүлэлтээрээ нэгдүгээрт орсон амжилт гаргажээ.
Өдөр бүр 40 машин гарч, 650 орчим дуудлага дээр очдог байна.
Ямарваа нэгэн осол аваар гарах үед хамгийн түрүүнд санаанд ордог тоо бол 103. Хамгийн ихээр үгүйлэгддэг нь түргэн тусламжийнхан. Асуудал л гарахгүй бол байдаг эсэхийг нь анзаардаг ч үгүй ийм л нэгэн хүмүүс болох Яаралтай тусламжийн төвийнхний ажилтай нь Ньюс агентлаг багахан боловч уншигчдад танилцуулахыг хичээлээ. Сурвалжлах баг Яаралтай түргэн тусламжийн эмч Э.Пүрэвдаш, жолооч н.Эрдэнэхаш нарын хамт 103-т ирсэн дуудлагын дагуу явцгаалаа.
15 цаг 30 минут. Өглөөнөөс хойш арав гаран дуудлага авсан эмч, жолооч хоёртой замын дундаас нэгдлээ. Бидний хувьд эхний дуудлага даралт ихэссэн дуудлага байлаа. Гэр хорооллын шавар усаар дүүрсэн нүхтэй замаар түчигнүүлсээр явлаа. Өнгөрсөн өдрүүдийн бороо муухан машин, тааруухан жолоочийг бол элбэг суулгаж дөнгөх саад бартааг үүсгэжээ. Гэр хорооллын хувьд Хан-Уул дүүрэг хамгийн цэгцтэй бол ихэнх гэр хорооллууд замбараагүй, өчигдөрхөн онгорхой байсан газарт хашаа хатгачихсан байдаг гэнэ. Мөн хаягаа тодорхой зааж өгөөгүйгээс түргэний тэрэг тойрч будилах нь цөөнгүй. Яаралтай тусламжийнхантай сурвалжлаганд гарах гэж байхад ажлын газрын сэтгүүлч эгч “түргэн тусламжийн жолоочид ч айхтар шүү дээ, гэрийнхээ хаягийг хэлсэн чинь хажуугийн хашаан дотор байдаг чингэлгийг яг хэлж байна билээ” гэж байв. Үнэхээр түргэний жолооч газар андахгүй болохоос ч аргагүй ажилтай аж. “Өмнө очиж байсан айл шиг байна” гээд шууд л гэртээ очиж байгаа юм шиг хаяг усгүй гудамж сүлжсээр давхиад оччихов. Өвөл энэ айлд дуудлагаар ирж байжээ.
Урд нь цус харваж байсан өвөөгийн даралт ихэджээ. “Уг нь гүрийгээд түргэн дуудахгүй байсан юм” гэсээр гэрийн эзэгтэй биднийг тосон авлаа. Даралтныхаа эмийг тогтмол хэрэглэж чаддаггүйгээс бие нь мууджээ. “Эм тариагаа авч чаддаггүй. Эмнэлэгт очоод хэвтэж чаддаггүй. Даатгалаар хөнгөлөлттэй эм авдаг. Гэтэл санхүүжилт нь ороогүй гээд эм өгдөггүй. Улиралд нэг өгдөг 60 мянган төгрөг нь орж ирээгүй” гэх зовлон хэлэх юм.
Сандалгүй учраас ирсэн эмчийг усны 25-ийн шар саван дээрээ суулгав. Юун сандал авах, ширхэг нь 1200 төгрөгийн үнэтэй эм авч чаддаггүй аж. Ширхэг нь 350 төгрөгийн үнэтэй эмнийх нь үйлчилгээ сул учраас даралт нь ихэсч түргэн дуудахаас өөр арга үлдээгүй бололтой.
Өөрийн хүрээллийнхний л амьдралыг мэддэг, хэдэн танилуудын амьдралаар нь нийгмийг төсөөлдөг хүмүүсийг бодвол өдөр бүр олон янзын амьдралтай айлын хаалгаар орж байдаг түргэний эмч нараас нэг зүйлийг асуувал үнэнийг хэлнэ дээ гэж бодлоо. “Монголд амьдрал ямар байна” гэж.
Эмч маань “Зайсангийн тасарчихсан амьдралтай айлын үүднийх нь гутлаа сольдог өрөөнөөс хэд дахин жижиг амбаарт тав зургуулаа амьдардаг. Орхиод явахад энэ хэдэн хүүхдүүд нь яаж том болно доо гэж бодмоор айлууд олон таардаг” гэв. Өнгөрсөн өвөл нэг тиймэрхүү хавсарга тавьсан амбаарт дуудлагаар түргэнийхэн очжээ. Нүүрс аваад ир гэсэн мөнгөөр нь архи уучихаад ирсэн нөхөр рүүгээ давшилж байгаад гэмтээчихсэн гэнэ. Нусаа гоожуулж, орж гарсан хүн бүрийн гарын даган харах өлөн нүдтэй хоёр гурван жаал, хүйт даасан гэр, согтуу нөхөр, аргаа барсан эмэгтэйн гэрээс дараагийн удаад ямар дуудлага ирэхийг ч бүү мэд гэмээр.
16 цаг 30 минут. Гэрээр дусал хийлгэх гэж түргэн дуудсан дуудлаганд очиж болохгүйг нь хэлж, арга хэмжээ авчихаад дараагийн дуудлаганд гарлаа. Настай ах халуурсан дуудлагаар очиход дуудлага өгсөн өвөө өөрөө хаалгаа онгойлгон өглөө. Халууныг нь хэмжихэд бараг 39 градус хүрч халуурчээ. Өвөөг эмнэлгийн картаа авчрахаар цаад өрөөнд орох хооронд эмч маань “энэ өвөөд хавдрын асуудал байх шиг байна. Настай хүн бараг халуурдаггүй. Халуурна гэдэг нь энерги ихээр шаарддаг. Настай хүн тийм энерги гаргаж чаддаггүй” юм гэв. Ингээд өвчтөний картыг авчруулж үзэхэд үнэхээр ходоодны хавдраа авахуулж байсан хүн байв. Өвөөгийн халууныг бууруулах арга хэмжээг аваад, хавдраа үзүүлэхийг анхааруулаад гарлаа. Ганц нэгээрээ гэртээ үлдсэн ахмад настнууд жаахан хүүхдийн адил анхаарал шаарддаг. Гэвч настай аав, ээжийгээ, унаж тусдаг хүнийг ганцааранг нь үлдээдэг тохиолдол олон таардаг гэнэ.
17 цаг 15 минут. Чойндон өвөөгийн даралт ихэсчээ. “Даралт маань 200 гарчихсан байна” гэх дуудлагыг аваад явж байхдаа түргэний эмч маань “даралтынхаа тоог нарийн хэлээд дуудлага өгч байгаагийн цөөнгүй нь асуудалтай байдаг гэнэ” гэв. “Асуудал” гэдгийн учрыг нь очсон хойноо ойлгов. Өвөө даралтаа электрон хэмжигчээрээ үзтэл даралт нь 200 хүртлээ өсчихөж. Гэтэл түргэний эмч ирээд үзтэл даралт хэвийн байв. “Асуудал” гэгч нь даралтны аппаратанд байж. Гэрт нь байсан даралтны аппаратыг шалгаж өгөхөд даралтыг 30-аар зөрүүтэй гаргаж байв. Миний хувьд энэ удаагийн дуудлага шаардлагагүй дуудлага мэт санагдаж байлаа.
17 цаг 50 минут. Дахиад л даралт ихэссэн дуудлага. “Амьсгалахад хүндрэлтэй” байгаагаа эмчид хэлээд даралтаа хэмжүүлэв. Энгийн нүдээр харвал гайгүй л байх шиг байлаа. Гэвч эмч маань эмнэлэгт хүргэж өгөхөөр авч явахаар болов. Харахад хүнд юм шиг хэрнээ амин үзүүлэлт нь хэвийн, харахад энгийн хэрнээ цаагуураа хүнд байдаг гэдэг нь энэ бололтой. Яагаад авч явахаар болсныг сонирхвол доод даралт нь уначихсан, сонсогдохгүй байгаа тул эмнэлэгийн хяналтанд оруулах шаардлагатай гэв. Ингээд эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгчихөөд дараагийнхаа дуудлагандаа гарахаар хөдөлцгөөв.
18 цаг 20 минут. Яаралтай тусламжийн үйлчилгээг шуурхай хүргэхийн тулд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд гурван төвтэй болжээ. Эдгээрт эмч, машин, зохицуулагчид нь төвлөрснөөр дуудлагаар очих хурд ч нэмэгдсэн аж. Хоёр жилийн өмнө Зүүнсалаа, Улиастайгаас дуудлага ирэхэд Багшийн дээдийн урдах төвөөс хөдөлдөг байсан бол гурван хэсэгт хуваагдсанаар энэхүү холын зовлон үгүй болж. Яаралтай очсоны хэрэг ч гарах нь тодорхой. Өнгөрөгч долоо хоногт эмч Э.Пүрэвдаш дээр бага насны хүүхэд тогонд цохиулж ухаан алдсан дуудлага ирсэн гэнэ. Гол нь түргэний машин таван минутын дотор амжиж очсон байна. Хоёр настай хүү нь тогны нүхэнд хоёр хадаас шургуулаад газар дээрээ зүрх нь зогссон байдалтай байв. Эцэг эх нь дэмий сандралдан, элгэндээ тэврээд л уйлаад зогсож байж. Эмч нар шуурхай очиж, зүрхийг сэргээх арга хэмжээ түргэн авсны хүчинд хүүгийн зүрх эргэж цохилсон гэнэ. Энэ тухай сонссоор дуудлагын газарт ирлээ. Дуудлага өгсөн хүн рүү утасдаж, хаягаа тодруулахыг хүсэхэд түргэн тусламж шаардлагагүй болсон тухайгаа хэллээ. Дуудлага өгсөн шалтгаан нь алга болсон ч өмнө өгсөн дуудлагаа буцаадаг нь ховор байдаг гэнэ. Арван хүнд дуудлагаа буцаах шаардлагатай болсон ч хоёр нь л эргэн утасдаж дуудлагаа буцааснаа мэдэгддэг гэв. Мэдээж энэ буцсан дуудлага өөр дуудлаганд очих цагийг хороосон нь тодорхой.
19 цаг 05 минут. Гараа эсгэчихээд хутгалуулсан гэж дуудлага өгөх, согтоод тасарчихсан нэгнээ ухаан алдсан гэх зэргээр шаардлагагүйгээр түргэн дуудах, бүр байтлаа эмийн сан явахаас төвөгшөөх зэргээр 103-ынхныг дууддаг нь олон гэнэ. Энэ бүхний ард өөр нэг шаардлагатай дуудлагын цаг хороогдож, дээрээс нь замын түгжрэл, замбараагүй хаягжилт, ухамсаргүй жолоочдын буруугаас хүрэх газартай хурдан очиж чаддаггүй гэнэ.
Хорооллууд дунд шинээр баригдах байрнуудад тэс өөр тоотой дугаарлалт хийх, хоёр гурван байшин босгосныгоо хотхон гэж нэрлэснээс нь болж сураггүй хотхон, төөрсөн тоотой байшин хайж давхидаг байна. Мөн Голденпарк зэрэг ганц нарийхан замтай, машин тэрэг орж гарахад төвөгтэй орон сууцны хороолол олширсоор байгаа гэнэ. Яг дээрх шиг машины түгжрэлд гарцаагүй гацаж явсаар дахин нэг “шаардлагагүй” дуудлага авлаа.
20 цаг 28 минут. Ухаан алдсан гэх дуудлага ирэв. 50 настай эмэгтэй долоон цагийн үед ганцаар байхдаа ухаан алджээ. Сахарын өвчтэй бөгөөд гэрийнхэн нь ирж, бага зэрэг чихэртэй цай өгч сэргээсэн гэнэ. Сахарын өвчин нь нас ахих үед өвчтөнийг жинхэнэ сэтгэлийн зовлонд унагаадаг гэх бөгөөд хэзээ ч хаана ч ухаан алдаж унаж болзошгүй гэнэ. Тусламжийг хүргэсний дараа, байнга өөрийгөө хянаж, ганцаар харанхуй гудамж, таньж мэдэхгүй газраар явахгүй байхыг зөвлөлөө. Энэ мэт онцлох багаж шаардлагатай хүмүүс дуудлага өгөхдөө анхаарах ёстой бөгөөд жишээ нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэн асуудалтай хүмүүс дуудлага өгөхдөө “сахарын хэмжигч машинтай хүнийг боломжтой бол явуулаач” гэх зэргийг сануулах ёстой аж.
23 цаг 31 минут. Хамраас цус гараад тогтохгүй байгаа дуудлага ирлээ. Даралт ихэссэнээс хамраас цус гарчээ. Хүний биеийн эд эсүүд нь өөрийгөө хамгаалах бөгөөд цус харвахаас сэргийлж ийнхүү хамрын судас нь задарч цус алдсан аж.
22 цаг 35 минут. Ухаан алдалт. Толгой өвдөж гэдэс нь хямарсан гэсээр гэртээ орж ирээд удалгүй ухаан алдаж унажээ. Энэ дуудлаганаас өвчтөний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч байх шаардлагатайг дахин мэдрэв. Ухаан алдсан эмэгтэй нь 14 хоногийн өмнө Солонгост нүдний мэс ажилбарт оржээ. Нүдний хараа сайжруулах ийм мэс ажилбар хийлгэснээс хоёр сарын дотор нүдэндээ хурц гэрэл, салхи мэдрэх хориотой байдаг аж. Мэдээж үзлэг хийхээр ирсэн эмч ухаан алдсан хүний нүдний хүүхэн харааг шалгахаар гэрэл тусгах нь тодорхой. Иймд энэ мэт хувийн шалтгаанаа эмчийг үзлэгээ эхлэхээс өмнө хэлж байх учиртай аж.
23 цаг 55 минут. Хоёр төрөхийн дуудлага авч төрөх эмнэлэгт хүргэчихээд дараагийн дуудлагыг авлаа. Дахиад л төрөлтийн дуудлага. Төрөх эмэгтэйчүүдийн хувьд түргэн тусламжаар очих нийтлэг сонирхол, ойлголт байдаг болчихсоныг бүгд мэднэ. Түргэний машиныг нөхрийнх нь машин дагаж явах бөгөөд уг нь дуудлага өгөлгүй өөрсдөө эмнэлэгт очиж болох л байв. Гэхдээ заавал түргэнээр эмнэлэгт хүргүүлэх сонирхол нь эмнэлгийн үүдэнд дугаарлаж хүлээлгүйгээр шууд үйлчлүүлэх.
Төрөх эмнэлгийн байгууллагын уялдаа холбоо, журамнаас болж орон нутгаас ирсэн жирэмсэн эхчүүдэд асуудал гардаг аж. Тэр нь бүртгэлийн байгууллагын шилжүүлэг хийсэн гэх “нарийн бичиг”. Орон нутгийн хаягтай эхчүүдийг Улаанбаатар хотод Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүлээн авдаг аж. Харин цахим үнэмлэх дээрх хаяг нь Улаанбаатар хотын аль нэг дүүргийнх болж солигдсон бол харьяалах дүүргийнх нь төрөх эмнэлэг хүлээн авдаг аж. Гэтэл тухайн эмэгтэй шилжүүлгээ хийсэн боловч цахим паспортоо солиулаагүй бол Эх нялхас, дүүргийн төрөх эмнэлгийн хооронд “өөх ч биш булчирхай ч биш” зүйл болчихдог байна. Эх нялхас нь “бид авахгүй, шилжүүлэг хийсэн гэх нарийн бичиг нь байгаа учраас дүүрэг дээрээ очиж үзүүл” гэнэ. Харин дүүргийн эмнэлэг нь “бид авахгүй, орон нутгийн паспорттой хүн байж Эх нялхас руугаа яв” гэдэг аж. Аль аль нь авахгүй гэж цааргалсаар, голд нь жирэмсэн эх хөлд нь чирэгдэх явдал ч гардаг бололтой.
00 цаг 53 минут. “Бид нар чинь гацуурны мод шиг чагнуур, даралтны аппаратнаас эхлээд арван хэдэн төрлийн зүйл өлгөчихсөн явж байдаг юм даа” гэх бөгөөд нээрээ л олон зүйл авч явах аж. Энэ олон чимэглэлд нь гар чийдэн хүртэл байх аж. Хот маань гэрэлтүүлэг сайтай бол энэ хэдэн түргэний эмч нар харанхуй шөнө гар чийдэнтэй найзалж явахгүй гэж бодогдлоо. Харанхуй орцоор өгссөөр хоолойд цэр тээглэсэн гэх дуудлага өгсөн айлд орлоо.
01 цаг 30 минут. “Баасан гариг гэхэд харин ч тайван байна” гэж ярилцсаар явж байгааг хэн нэгэн сонсчихов уу гэлтэй цагдаагийн газраас дуудлага орж ирэв. 25-р эмийн сангийн хажуугийн барны хажууд нэгэн залуу ухаангүй зодуулсан дуудлага байлаа. Биднийг очиход 25 орчим насны залууг авах юмгүй болтол нь зодчихсон, газар дээр цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн “залууг ийм болгосон нөхдийг барьж авна” гээд түгжээтэй хаалгыг нүдэж зогсов. Залуугийн хамар нь цусандаа битүүрч, хамаг хувцас нь будагдсан, чихнээс бага зэрэг цус гоожиж байв. Буруу газарт, буруу цагт, хэрэггүй хүмүүстэй хамт байснаасаа болж эрүүл мэндээрээ “тоглуулсныг” нь харахаас нүд хальтрам. Ингээд залууг авч Гэмтлийн эмнэлэг рүү явцгаалаа. Залуугийн ухаан нь замдаа орж гарч, ээжийгээ дуудах бөгөөд магадгүй энэ өдөр архи уугаагүй, өөрийг нь зодсон залуустай орооцолдоогүй, гэр лүүгээ харьсан бол “ээжээ” гэх дуудлагандаа хариу авах байсан биз.
Гэмтлийн үүдээр залууг дамнуурган дээрээ өргөөд орж ирэх үеэс л цус жинхэнэ утгаараа үнэртэж байлаа. Үүдний орох хэсгийн плитан шалан дээр тогтсон толбонууд баасан гаригийн хохирогчдийн үүгээр явсны нотолгоо. Ингээд л оройн шоуны төгсгөл нь энд ирсэн залуусын дунд ороод явчихав. Толгой хагарсан, нүдээ таглуулсан, нүүрээ зүсүүлсэн гээд голдуу залуус. Залуус дундаа сахал нь ч гүйцэд ургаж амжаагүй гэмээр өсвөр насны залуус олон. Зодсон зодуулсан нь ялгаагүй л энд ирцгээж хагарсан толгойгоо оёулахаар очерлох бөгөөд энэ хооронд аль алиных нь ар гэрээс ирсэн ахан дүүс нь зодсон зодуулсан нөгөө талынхныг “ална, дуусгана, цусыг чинь урсгана” гэх зэргээр сүрдүүлцгээнэ. Гэвч Гэмтлийн эмнэлгийн үүдэнд цагдаагийн хэлтэс байдаг учраас арай ч нэгнийгээ барьж аваад алчдаггүй бололтой.
Хамраас цус гарсан бол зодооноо дуусгаж, зодолдохдоо хүртэл нэгнийгээ боддог байсан үе зүгээр л түүх болж. Залуус харгис болж, нэгнийгээ алах гэдэг болж. Өөрийнхөө дүүтэй, аавтай, бүр ээжтэй ялгаагүй нэгний өөдөөс мод чулуу барьж дайрахдаа ч юм боддоггүй болж. Дэлхийн мөс хайлж дулаарч байгаа шиг, хүний мөс ч хайлсаар байгаа мэт.
02 цаг 20 минут. Яаралтай тусламжийн төвийн жолооч, эмч дараагийн дуудлага руугаа явлаа. Тэд өглөөний 08 цагт бууна. Дахиад хичнээн дуудлага тэднийг хүлээж байгаа бол доо.
Б.ЭНХМАНДАХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №025