Ц.Сэдванчиг: Цаг нь болохоор захидлыг задалж болно

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Ц.Сэдванчиг: Цаг нь болохоор захидлыг задалж болно

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Да.Ганболдыг томилжээ. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авсан байна. Харин Ц.Сэдванчиг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдож байв. Түүнтэй бид утсаар холбогдож дараах тодруулгыг хийлээ.

-Та яагаад гэнэт албан тушаалаасаа чөлөөлөгдөх болов?

-Улс оронд хэрэгтэй шийдвэр бол миний золиос болох хамаагүй. Дарга нар “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол болох нь тэр. 

-Гэхдээ та “Рио Тинто” руу нэмэлт санхүүжилтийн асуудлаар захиа бичсэн нь буруудсан юм биш үү. Тэр захиаг  олны хүртээл болгож болох уу?

-Ерөнхий сайдын л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа. Цаг нь болохоор захидлыг задалж болно.  

-Захиандаа та “Төслийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газар бус УИХ шийднэ” гэж бичсэн нь “Рио Тинто” далд уурхайн ажлаа зогсоож, Монголд шахалт үзүүлэхэд нөлөөлсөн гэх зүйл дуулдах юм. Засгийн газар дангаараа төслийн нэмэлт санхүүжилтийг шийдэх боломжтой байхад нь та дур мэдэн ийм зүйл бичсэн хэрэг үү?

-Төслийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газар шийдэх байсан юм бол жил гаруй хугацаанд ярьчихаад яагаад шийдэлгүй өнөөг хүрэв гэдэг асуудал сонирхол татахгүй байна уу. Ер нь бол Оюутолгойн асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд УИХ нээлттэй хэлэлцсэнд “Рио Тинто” уурлаж, түүний дараахан хоёрдугаар сарын 6-нд  болсон Хувь нийлүүлэгчдийн  хурал дээр тэдний нөлөө бүхий дарга нь "Цаашид  нэг ч ам.доллар нэмж оруулахгүй, өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ" гэж албан ёсоор  мэдэгдчихсэн байсан. Ийм нөхцөл байдалд дунд тэдний аргыг олж, санхүүжилтийг зогсоочилгүй Баяжуулах үйлдвэрийг бүрэн дуусгаж, ачилтыг эхлүүлж чадсан шүү дээ.

-Одоо манай тал яах естой вэ, таны саналаар бол. Монголын эдийн засаг хүндрэлтэй байгааг далимдуулж “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайгаа зогсоож, монгол ажилчдыг халах зэргээр шахалт үзүүлж эхэллээ?

-Далд уурхайн санхүүжилт, барилгын ажлыг зогсоож олон хүнийг халах шийдвэрийг “Рио Тинто” дангаараа гаргасан нь  гэрээний үндсэн болон ач холбогдолтой үүргээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл үүслээ. Ийм нөхцөл үүсвэл тодорхой хугацааны дараа Засгийн газар мэдэгдэл хүргүүлээд, 60 хоногт засахгүй бол гэрээ хүчингүй болох заалт бий. Гэрээгээр зохицуулагдсан манай Засгийн газрын ганц онцгой эрх нь юм. Энэ удаагийн “Рио Тинто”-гийн үйлдэл нь бидэнд гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг нээж өглөө.  Түүхэн  боломж олдсоныг манай том дарга нар ойлгоосой. Харин буулт хийгээд явчих  юм бол олон банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн барьцаанд уг гэрээ шилжээд 15 жил ярих ямарч боломжгүй болох юм. Зээлийн нэг нөхцөл л дөө. Тэд гэрээ бол "библи", өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр сууринаас ярьдаг, энэ удаа харин барьц өглөө.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс манай талд хүлээн авах боломжгүй зээлийн бусад нөхцөлүүдийг тулгаж байна гэх зүйл яригддаг. Тэр нь яг юу юм бэ?

-Бизнесийн нууц учраас бүгдийг одоо дэлгэх боломжгүй. Цаг нь болохоор ярина. Товчдоо  энэ  улсад хэдэн үе дамжсан өр ачаалж, барьцаалах нөхцөлүүд тулгаж байгаа.

-“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг удирдсан хугацаанд гарсан таны ажлын үр дүн юу байв?

-Засгийн газар, Риогийн хооронд гал хамгаалагч болох үүргээ найман сар гаруй хугацаанд гүйцэтгэлээ.  “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. Гэрээг сайжруулж болох үүдийг нээж өглөө. Цаашид манай тал зорилгоосоо буцалгүй, бууж өгөлгүй ажиллах нь чухал.

-Цаашид та ямар ажил хийх вэ. Танай намаас ажил амласан уу?

-За даа, дуртай  газраа, чаддаг ажлаа хийгээд явах сайхан гэж үг санаанд бууж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж