Энэ өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК 35 жилийнхээ түүхийг дэлгэж тэртээ 1978 онд илгээлтээр ирж Зууны манлай их бүтээн байгуулалт дэлхийн шилдэг аж ахуй нэгж Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгосон ахмадууд, Эрдэнэт үйлвэрийн өдөр дутмын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилладаг ажилтан ажиллагсаддаа хүндэтгэл үзүүлсэн сайхан наадам болж өнгөрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр" ХХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. "Эрдэнэт" үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо нийгэм, эдийн засаг, урлаг соёл, спорт -д жинтэй хувь нэмэр оруулж ирснийг та бид мэднэ.
Мөн тус ойн өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн шилдэг ажилтнуудаа төрийн дээд одон медалаар шагнаж урамшуулсан бөгөөд "Эрдэнэт үйлдвэр ХХК"-ийн 35 жилийн ойн хүндэтгэлийн медалаар 3466 хүн, Хөдөлмөрийн алдар хүндэт тэмдгээр 98 хүн, Тэргүүний уурхайчин хүндэт тэмдгээр 114 хүн, Алтан гадас одонгоор 37 хүн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтнаар 3 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалаар 41 хүн, Найрамдлын медалаар 7 хүнийг тус тус шагнаж урамшуулсан байна.
Баяр наадмын дараа тус цэнгэлдэх хүрээлэнд "Эрдэнэт" үйлдвэрийн 35 ойд зориулсан Шоу тоглолт болсон бөгөөд тоглолтонд Хурд хамтлаг, дуучин Баярцэцэг, EXTACY, Оutlaw хамтлаг болон Эрдэнэт үйлдвэрийн авъяаслаг дуучин уран бүтээлчид оролцсон байна. Тус цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүнтэй байсан бөгөөд Эрдэнэт хотын иргэд өргөнөөр ирж үзэж нэгэн үдшийг дуулж бүжиглэн өнгөрүүллээ.Шоуны хаалтын ажиллагаа гайхимшигт ёслолын буудлагаар өндөрлөсөн юм.
Түүхэн ойгоо тэмдэглэж буй "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нийт ажилтан ажиллагсад болон тэдний гэр бүлд ажил хөдөлмөрийн өндөр бүтээл, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.