
Утаатай гэр, унгастай хөнжил хоёр дулаахан байдаг гэж хөгшчүүд хошигнож байхыг сонссон юм байна. Ингэж бодохоор нийслэл хот утаатай байсан нь дээр ч юм шиг. Утаатай болохоор даарахгүй гэж байгаа юм биш л дээ. Зүгээр л байнга утаатайгаа байгаад байвал сайхан байхгүй юу. Хавар зуны урин цагт утаа байхгүй болохоор цаанаа л уйтгартай юм. Жилийн дөрвөн улирлыг ялгаварлаж хоёрт нь утаа “бэлэглэчихээд”, хоёроос нь харамлаад суух хаашаа ч юм. Намартай зэрэгцээд утаа, утаагүй зуух, утаагүй түлш гэж дуу дуугаа авалцаж байхаар жилийн дөрвөн улиралдаа утаатай болчихвол сэтгэл амар байхгүй юу. Утаан дундаас Улаанбаатараа, урдах замаа олж харах гэж тэмтэрч явах ч бас зугаатай шүү. Утаатайгаа дасан зохицчихвол хорт утааны баг өмсөх дээрээ тулж, ханиалгаж хахаж цацахаа ч больчихно. Урд хөршийн хил давангуут нүүрсний эхүүн үнэр яаж хамар цоргидог билээ. Бээжинд, Хөх хотод, Утайд, бүр хөдөөгийн замд явсан ч тэр үнэр нь үнэртээд цаанаа л “гоё”. Хятад үнэр гэдэг юм билээ, тэрийг нь. Тэгвэл бид юунаасаа дутдаг юм бэ. Монгол үнэртэй болъё л доо. Хятадууд нүүрс үнэртүүлж байгаа юм чинь, бид утааг нь үнэртүүлж яагаад болохгүй гэж. Сүүлийн үед монголчууд юм л бол Гиннест бичүүлье гэдэг болчихсон. Тэгвэл жилийн дөрвөн улиралд утаа май болдог гээд тэр номынхон нь санаагаараа бичиж бүртгээд авчих ч юм бил үү. Зардал мөнгө ч орохгүй аятайхан боломж болж мэдэх л юм. Яаж зуны халуунд утаа гаргах вэ гэж санаа зовж байна уу. Тэгвэл “Зуны улиралд яаж утаатай байх вэ” гэдэг тендер зарлахад л болно. Харин тендерийг шалгаруулахдаа хэн хамгийн хортой, өтгөн утаа гаргаж чадах вэ гэдгээр “гул барих” хэрэгтэй. Зарим нэг хүмүүс аргал хорголоор май тавьж угаартуулах гээд байж магадгүй. Аа тийм, бас хамгийн их утаа ялгаруулдаг машиныг хэн оруулж ирэх вэ гэдэг уралдааныг ч давхар зохион байгуулж болно. Гаалийн татвараас чөлөөлнө гэж давхар зарлах хэрэгтэй. Ер нь утаагаа санаад үхэх нь ээ.
Б.ОЮУНГЭРЭЛЭх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
