“Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэн гэх залуу экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр холбогдож ирсэн “Сүхбаатар” хэвлэх үйлдвэрт хөрөнгө орулсан 500 сая төгрөгөө нэхэж шүүхэд хандсан тухай дуулиан дэгдээд удаагүй байна. Тухайн үед хэвлэх үйлдвэрийн менежмэнтийн багийг ахалж байсан СГЗ, зохиолч Ж.Саруулбуян түүнийг уг үйлдвэрийн хувьчлалд оролцуулах санал тавьж, Л.Сэргэлэн “Сүхбаатар” хэвлэх үйлдвэрээс хувь эзэмших тохиролцоотойгоор банкнаас 500 сая төгрөгийн зээл аван хөрөнгө оруулсан аж.. Гэвч удалгүй менежментийн багийн ахлагч өөрчлөгдөж, шинээр удирдлагыг гартаа авсан До.Чулуунбат уг үйлдвэрийг менежмэнтийн хувьчлалаар авсан тухай тэр саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тиймээс тэрбээр өнгөрөгч зун өөрийн хохирлыг барагдуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан нь саяхнаас шалгагдаж эхлээд байгаа гэнэ. Л.Сэргэлэнгийн гомдлын хариуцагчаар До.Чулуунбат, Ж.Саруулбуян нарыг шалгаж эхэлсэн бөгөөд үүний улмаас СГЗ Ж.Саруулбуянгийн бие муудаж, өнгөрсөн баасан гаригийн шөнө эмнэлэгт хүргэгджээ. Түүний онош “хөнгөн хэлбэрийн харвалт” гэж гарсан тухай эх сурвалж мэдээллээ.
Б.ГАЛ