
Тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-нд үргэлжилнэ. Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу болох юм. Өмнө нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулж байна. Аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жүдогийн холбоо шийдэх эрхтэй бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны тухайд эрэгтэйчүүдийн барилдаанд хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж, 60, 66 ба 73 кг-ын жинд тус тус хоёр тамирчнаа сойхоор шийдвэрлэжээ. Харин 81, 90 болон -100 кг-д тус тус нэг тамирчин дэлхийн аваргын татамид хүч сорих бөгөөд +100 кг-д өрсөлдөх Б.Сугаржаргал хувийн барилдаанд бус багийн барилдаанд зодоглох юм байна. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдана.
ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг
70 кг: Ц.Наранжаргал
78 кг: Т.Мөнхтуяа

