Бостонд тодорсон Монгол авьяас

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Бостонд тодорсон Монгол авьяас

-Түүнийг Болдбаатарын Уянга гэдэг. “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжмийг дэлхийн тайзнаа гайхамшигтай амилуулсан Б.Уянгыг зочдынхоо нэгээр урилаа-

 
“News week” нэгэн шинэ одыг танилцуулж байна. Түүнийг Болдбаатарын Уянга гэдэг. Тэрээр Германы хөгжмийн зохиолчдын урилгаар “The Masterpiece” тоглолтод оролцож, Бэтмэний комик номоос сэдэвлэсэн “Харанхуйн хөлөг баатар” /The Dark Knight/ киноны дууг дуулснаар цахим ертөнцөд илүүтэй танигдсан. Гэхдээ Б.Уянгад манай уншигчдад сонирхуулах өөр олон зүйлс бий. АНУ­-ын Бостон хотод амьдарч, рок болон R&B чиглэлээр уран бүтээлээ туурвидаг энэ бүсгүй Берклигийн хөгжмийн сургуулийг төгсчээ. Б.Уянгыг эх орондоо амрахаар ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.

-Таны тухай мэдээлэл монголчуудад ховор байдаг учраас эхлээд уншигчдадаа танилцуулах зорилгоор хэдэн асуулт асууя. Жишээ нь та хэзээ Америк явсан, ямар сургууль төгссөн талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Би энд байхдаа 14-р сургуульд сурч байсан. Долдугаар анги төгсөөд Швейцарьт сурахаар явсан. Тэгээд дараа нь АНУ-д үргэлжлүүлэн суралцаж, Берклигийн их сургуулийг /Berklee University/ төгссөн. Берклигийн их сургууль бол урлагийн салбартаа л “Харвард”-ын дайны үнэлэгдэх том сургууль учраас Бостонд амьдарч, тэр сургуулийг сонгосон. Гэхдээ би өмнө нь Швейцарьт эдийн засгийн чиглэлээр сурах гэж хичээсэн ч нэг жил болоод сургуулиа орхиж, хөгжмийн хүн болохоор шийдсэн. Швейцарьт байх­даа ч гэсэн сонирхлоо дагаж цомог гаргаж байсан. Берклид сурахын тулд өөрийгөө бэлтгэх маягаар.

­-Их сургуульд орохоосоо өмнө үү?

-Тийм ээ. “Хөөрхөн сармагчин” гэж франц хэл дээр цомог гаргаж байсан. Франц дээр өөрөө үгээ бичиж, хөгжмөө зохиогоод, өөрийнхөө хэмжээнд цомог гаргаж үзсэн. Бага байсан ч гэсэн их зоригтой байж.

-Тэгэхээр та хэлний мэдлэг сайтай юм?

-Орос, Англи, Франц хэлтэй. /инээв/

-АНУ-д хэр удаан амьдарч байгаа вэ. Сургуулиа хэзээ төгсөв?

-Америкт ирээд зургаан жил болж байна. Өнгөрсөн жил сургуулиа төгссөн. Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцсан.

-Та  Германы шилдэг хөгжмийн зохиолчтой хамтарч ажилласан байна. Тэр том тайзан дээр, тэгээд дэлхийн шилдэг киноны хөгжимд хамтарч ажиллана гэдэг бахархал. Энэ тухай та дэлгэрүүлж яриач. “Харанхуйн хөлөг баатар” киноны уран бүтээлчидтэй яаж холбогдсон бэ?

-Тэр маш том төсөл байсан. Төслийн зорилго нь Румын болон Европын сонсогчдод Холливудын алдартай кинонуудын хөгжмийг амьдаар нь тоглож танилцуулах байсан юм. Азаар би Бостонд олон шилдэг хөгжмийн зохиолчидтой хамтарч ажилладаг. Реклам суртал­чил­гааны хөгжим, киноны хөгжим гээд олон бүтээлд оролцох боломж надад олдсон. Тэгж яваад Жерард Марино гэж хөгжмийн зохиолчтой танилцаж байлаа. Тэр бол “Бэтмэн”, “Инсепшн”, “Да Винчийн код” зэрэг киноны хөгжмийн зохиолч, гайхамшигтай хүн. Түүний урилгаар би “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжим дээр хамтарч ажилласан.

-Их өвөрмөц өнгө аясаар дуулсан. Уртын дуутай ч төстэй юм шиг?

-Уртын дууны өнгө аяс байгаа. Анх нот хараад, сургуулилт хийж эхлэхэд яг тэр хөгжим дунд монгол уртын дууны гэмээр нугалаас, хэмнэл яваад байсан. Яг л уртын дуу шиг. Тэгээд гэнэт л надад яагаад уртын дууныхаа тэр сайхан аялгууг шингээгээд дуулж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Тийм ч болохоор монгол дээлтэйгээ тэр тоглолтод дуулсан. Үзэгчид ямар гоё хүлээж авсан гээч. Зарим нь бүр нулимс дуслуулан сонссон. Тэр тоглолтын дараа би монгол хөгжим, Монголын урлаг ямар агуу аялгуу, хэмнэлтэйг би илүү мэдэрсэн. 

-Аан тийм. Та цэнхэр дээлтэй дуулдаг шүү дээ. Тэр дээл таньд бага зэрэг томдсон байсан?

-Ээжийн маань дээл байсан. Гэнэт л монгол дээлтэй дуулахаар шийдсэн болохоор би өөрөө дээл хийлгэж амжаагүй юм. Тэгээд ээждээ захиж, яг тоглолтын өмнө авчруулж байсан. Тоглолт эхлэхийн өмнөхөн ээж дээлээ барьчихсан тайзны ард гүйж ирээд л… Бид хоёр хэрэндээ сандарсан шүү. Гэхдээ ямар ч байсан монгол дээлтэйгээ л дуулсан даа. Монголоо сурталчилъя л гэж бодсон.

-Тайзан дээр сандардаг уу. Ялангуяа тэр том, олон улсын тайзан дээр?

-Тоглолтын өмнө жаахан сандарч байсан. Гэхдээ түүнийг байхгүй болгох хэрэгтэй. Тайзан дээр миний ард 150 хөгжимчин ажиллаж, урд маань танхим дүүрэн үзэгч биднийг сонсохоор ирсэн байхад бүх хүн хичээх хэрэгтэй шүү дээ. Яаж тэр олон хүний сэтгэл, зүрхэнд хүрэх вэ… Үүнийг л боддог. Ер нь тайзан дээр дуулж байхад өөрийн эрхгүй л их сайхан энерги мэдрэгддэг. Сандарсан, эмээсэн бүх зүйлс алга болдог.

-Та хөгжмийн зохиолч мэргэж­лээр төгссөн ч өөрөө их сайхан дуулдаг. Гэхдээ төрөл, жанр гэвэл яг ямар урсгалд илүү сонирхолтой вэ?

-Би Берклид сурч байхдаа R&B, поп, рок гээд ер нь бүх л урсгалыг сонирхож дуулдаг байсан. Угаасаа хичээлийн хуваарь нь олон урсгал чиглэлийн хөгжим, дуулалтыг судлах ёстой байдаг. Энэтхэгийн хөгжмийг ч гэсэн маш их сонирхдог байлаа. Яг одоогоор гэвэл би хамтлагийнхаа уран бүтээлд цаг заваа зориулж байгаа. Манай хамтлагийг “Ella Ekko and & the Gang” гэдэг. Таван гишүүнтэй. Бостонд байдаг хамтлаг. Манай хамтлаг тэнд хэд хэдэн тэмцээнд оролцож, шагнагдаж байсан. Надаас бусад нь хар арьстнууд байдаг. Одоо бид нар  шинэ цомгоо гаргахаар бэлтгэж байгаа.

-Таныг хамтлагтай гэж үнэхээр мэд­сэнгүй. Танай хамтлаг Мон­­голд ирж тоглох бодол байдаг уу. Тэгвэл маш сонирхолтой байна байх?

-Монголдоо ирж тоглолт хийх юм сан гэж бодолгүй яахав. Чадвал ирэх жил ирнэ ээ. Гэхдээ яг амлаж чадахгүй байна. Төлөвлөж байгаа.

-Урлагийг та өөрийнхөө сонирхол гэх үү, ажил гэх үү?

-Аль аль нь. Магадгүй эхлээд хобби байсан байх. Одоо бол би тэр хоббигоо өдөр тутмын ажлаа болгочихсон байна. Өдөр, шөнөгүй энэ урлаг дотор амьдарч, цаг минутгүй урлагаар амьсгалж байгаа болохоор миний амьдрал ч гэж хэлж болно.
 
-Таны төгссөн сургуульд өөр монгол оюутан байсан уу?

-Бостонд ер нь хөгжмийн сургуулиуд олон. Гэхдээ яг Берклид өөр монгол оюутан байгаагүй. Харин Өвөрмонголын нэг охин сурдаг байсан. Манайхан танина даа, “Чандмань эрдэнэ” гээд дууг дуулдаг Нурма гэж охин. Бид хоёр Азийн хөгжмийн фестивалиудад хамт оролцож байсан.

-Та хөгжмийн фестивальд олон уригдаж байсан уу?

-Цөөнгүй. Бостон хотын хөгжмийн фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Мөн Дэлхийн 90 гаруй орны дуучид оролцсон “Rhythm of the Universe” тоглолтуудад гоцлол дуучнаар оролцох боломж олдож байсан юм байна. Өөр том, жижиг олон уралдаан, тоглолтууд бий. Нээрэн, “American Music Award” болон “Grammy Music Awards”-д гурван удаа нэр  дэвшсэн Blu Cantrell­-тай хамтран түүний тоглолтуудад оролцсоноо дурсахад таатай байдаг. Ерөнхийдөө АНУ-д болсон 150 гаруй тоглолт, фестиваль болон хөгжмийн баяруудад гоцлол дуучнаар уригдан оролцсон гэж тооцоолж байна.

-Хэрвээ нууц биш бол энэ жилийнхээ төлөвлөгөөг хуваал­цах­гүй юу?

-Монголдоо амарч байгаад ирэх сард Америк явна. Очоод Лос-Анжелос руу нүүх байх гэж бодож байна. Тэнд нэг  киноны дуу бичүүлнэ. Гэхдээ одоо хараахан дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна. Оны сүүлээр Москвад болох тоглолтод оролцоно. Гол томоохон ажлууд гэвэл иймэрхүү төлөвлөгөөтэй байгаа.

-Сүүлийн асуулт, Та найз залуутай юу?

-/Инээв/. Амжаагүй байгаа. Маш завгүй байдаг болохоор найз залуутай болоход арай эрт байгаа байж магадгүй.

-Бидний урилгыг хүлээж аван, ярилцсанд баярлалаа. Монголдоо сайхан амраарай.

Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу.


Э.ТЭКҮ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №025





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж