Б.Номин залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.18-нд нийтлэгдсэн

Б.Номин залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Болгарын Софи хотноо бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаан эхэлж, Монголын бөхчүүдээс 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Батболдын Номин мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Египет, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын буюу мөнгөн медалийн төлөө АНУ-ын Марк Грейтэй хүч үзэн 9:2-оор ялсан байна. Ингээд Азербайжаны А.Гварзиталовтой алтан медалийн төлөө өрсөлдөж, 7:15 харьцаагаар ялагдан, мөнгөн медалийн эзэн боллоо. ОУХМ Б.Номин нь бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатарын шавь юм.

Манай бусад эрэгтэйчүүдийн тухайд С.Бат-Амгалан /50 кг/, Б.Өлзийсайхан /74 кг/, Э.Төгөлдөр /96 кг/ нар эхний тойрогтоо ялагдсан байна. Тэмцээн өнөөдөр 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Сануулахад, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож, С.Цэрэнчимэд /59 кг/ алт, Э.Даваачимэг /51 кг/, П.Орхон /55 кг/ нар хүрэл медаль хүртэн, Г.Мөнхцэцэг /44 кг/, А.Цэндсүрэн /48 кг/, Б.Нямгэрэл /63 кг/ нар тавдугаар байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байгаа. Эмэгтэй багуудыг Японы шигшээ баг тэргүүлж, ОХУ удаалжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж