Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл ирэх долоо хоногийн Бямба гарагт буюу 08-р сарын 24-ны өдөр аймгийн төв болон сумдуудад зэрэг болно. Энэ жилийн бүртгэлийг энэ оны 5 сард баталсан аймгийн Боловсролын газрын даргын тушаалаар батлагдсан хамран сургах тойргийг баримталж ажиллана. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд болон эцэг эх аль багт оршин суудаг, түүнийхээ харьяаллын дагуу хуваарилагдсан цэцэрлэгт хамрагдах юм. Энэ жилийн хувьд зохион байгуулагчдын зүгээс нэг ангид 35 хүртэлх суралцагч байхаар төлөвлөсөн байна.
Аймгийн ИТХ-ын шийдвэр, МХГ-ын дүгнэлтийн дагуу 11-р цэцэрлэгийн 2-р байрыг татан буугдаж шинээр ашиглалтанд орж байгаа 8-р цэцэрлэгийн байранд шилжин суурьшихаар болсон. Тэгэхээр энэ жил Даланзадгад сумын хэмжээнд 6 цэцэрлэг албан ёсоор үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Бүртгүүлэгчдийн хувьд эцэг эхийн цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой юм байна.
С.НОМИН