Ерөнхий сайд нийслэлчүүдийн ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийслэлчүүдийн ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ажиллалаа. Ерөнхий сайд С.Батболдын хэсэг хугацаанд саатсан “Жасмин” хүнсний дэлгүүрт нөөцийн мах нэг кг нь 2300-3300 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байв. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд нөөцийн үхрийн мах нэг кг нь 3300, хонь 2900, ямаа 2300 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа нь энэ аж. Иргэдийн хувьд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ хаварт махны үнэ өссөнгүй, гурил будааны үнэ ч тогтворжсон аятайхан хавар болж өнгөрч буйг дуулгалаа. Боломж байдаг бол нөөцийн махны үнийг дахиад жаахан буулгачихвал тун сайн байна шүү гэдгийг аминчлан захив. Учир нь хүнсний захуудад худалдаалагдаж буй шинэ махны үнэтэй нөөцийн махны үнэ ойролцоо байгаа нь иргэдийн хувьд ийм санал гаргахад хүргэжээ. Хэдийгээр  нөөцийн махны үнийг бууруулах эсэх нь тодорхойгүй үлдсэн ч, ямар ч байсан нөөцийн махыг дээрх үнээр тус бүр худалдаалсны хүчинд ченжүүдийн хувьд махны үнийг хэт дэвэргэж, өндөр үнээр худалдан борлуулахаас тодорхой хэмжээгээр хааж чадсаныг  Ерөнхий сайд иргэдтэй санал солилцох үеэрээ онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд С.Батболд савхин бээлийний үйлдвэрлэл явуулж байгаа иргэн н.Алтанцэцгийн гэрт нь зочлов. Тэрбээр дүүргийнхээ долоон иргэнээр савхин бээлий оёулдаг байна. Түүнийгээ өөрөө “Наран туул” худалдааны төвийн наймаачдад хүргэж заруулдаг. Нэг бээлий 6000 төгрөгийн үнэтэй. Наймаачид харин 7000 төгрөгөөр зардаг. Монгол савхиар хийдэг учраас чанарын хувьд хятадаас орж ирдэг савхин бээлийтэй харьцуулшгүй сайн. Эрэлт ч их.  Оросууд бол монгол савхин бээлий худалдаж авах их сонирхолтой. Гэвч Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл олддоггүйгээс 1960-аад оны үеийн машинтайгаа байгаа. Зээл олдвол үйлдвэрлэлээ өргөжүүлж, бусад дүүргийн хүмүүсийг бас энэ чиглэлээр сурган, өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явах бэлэн зах зээл байгааг дуулгав. Ерөнхий сайдын хувьд санаачлагыг нь дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж