
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих шийдвэрийг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Цаатан иргэд амьдралын онцлог байдал, аж төрөх хэв шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал амьдарч цаа бугаа даган байнга нүүдэллэн амьдардгаас шалтгаалан нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй юм байна. Тиймээс тайгад амьдардаг цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна.
Энэ төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Хуулийн төсөл батлагдсанаар цаатан иргэн нийгмийн даатгалд хамрагдаж, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авах боломж бүрдэх юм.
Ш.ЧИМЭГ