Хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо, УИХ дахь ногоон бүлгээс санаачлан зохион байгуулсан уг үзвэрийн дараагаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай уулзан сэтгэгдэлийг нь сонссон юм.
-Энэ киноны утга санаа болоод яагаад Төрийн ордонд гаргахаар болсон талаараа тайлбарлаач?
-Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хороо, УИХ дахь Ногоон бүлэг, Монгол кино нэгтгэлтэй хамтран төрийн соёрхолт зохиолч Б.Догмидийн бүтээлээр бүтээсэн “Чонын дурлал” гэх киног төрийн ордонд үзүүллээ. Энэ кино нь монгол хүний амьдрал, соёл уламжлал, зан заншил болоод байгалийн тэнцвэрт байдалд чоно ямар үүрэг нөлөөтэй гэдгийг харуулсан сонирхолтой кино болжээ.
Чоно хүнтэй адил хайрладаг, төрж өссөн үүрээ санадаг, араатан ч бие биенээ ойлгодог гэдгийг, тэр ч бүү хэл өнөөгийн нийгмийн нэг хэсэг нь чоно юм гэдгийг энэ киногоор харууллаа.
Энэ сайхан кинонд хайрлах сэтгэл, үзэн ядалт гээд бүхэн байна. Хамгийн гол нь үзэн ядалтыг сайхан сэтгэл давж гардаг гэдгийг үзүүлж чадлаа.
-УИХ-ын гишүүд Төрийн ордонд кино үзнэ гэхийг олон хүн эсрэг өнцгөөс харж байх шиг байна. Та нарыг хууль батлах ажлаа сайн хийхгүй атлаа, бүр кино үзвэр үзэж суудаг болох нь гэж шүүмжилж байгаад юу хэлэх вэ?
-Хүмүүс өөрийнхөөрөө л хүлээж аваг. Бид нийгэмд ийм сайхан зөөлөн сэтгэлийг түгээх бүтээлийг үнэлэхгүй, ойлгохгүй байж болохгүй. Байгаль эх, хүрээлэн байгаа орноо хамгаалах тухай киног яагаад үзүүлж болохгүй гэж. Гадуур гарч буй дийлэнх кино хүчирхийлэл, өнгө мөнгөний сонирхлыг илэрхийлсэн утга агуулгатай байдаг. Монголын уудам тал нутаг, соёл, зан заншил, байгаль орчноо хамгаалахыг сурталчилсан энэ киног УИХ-ын гишүүд үзсэнээрээ хууль гаргахдаа нэг зүйл бодох байлгүй дээ.