Өнгөрсөн хорин жилд анх удаа төр засгийн удирдлагын дээд түвшинд улс төрийн үзэл бодол чиг хандлагын нэгдмэл байдал бий болсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг аль болохоор алдуулахгүй, ашиг сонирхлын тэнцвэртэй, тогтвортой байдлыг хадгалах талаар анхаарах нь улс үндэстний амин чухал эрх ашиг болоод байна. Монголчууд бид дэлхий нийтийн анхааралд өртөж, эдийн засгийн ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болсон энэ цаг үед үзэл бодол, үйл ажиллагаа, асуудал шийдвэрлэх зэрэгт нэгдсэн байр суурьтай байх бодит шаардлага байна.
Өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг ”эерэг, эмзэг” хэмээн тодорхойлж болохоор бөгөөд өчүүхэн ч алдаа доголдол гаргах эрхгүй гэдгийг бүгд мэдэж байх хэрэгтэй юм. Улс үндэстний хувьд бүх түвшинд нэгдмэл байдал, эв эе онцгой шаардлагатай энэ үед Цагдаагийн албаны тухай шинээр баталсан хуулийн зарим зүйл заалт нь дотоод аюулгүй байдалд харшилсан зүйл болсон байна.
Монгол хүмүүст ойлгомжгүй, олон зэрэг дэвтэй “комиссар” гэдэг гадаад нэр нь нэн тохиромжгүй цол болж, мөн хоёр дэд даргатай байхаар хуульчилсан боловч хариуцсан ажлын ачаалал тэнцвэргүй байгааг залруулах хэрэгтэй байна. Өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үеэр төв, хөдөөд алба хаагчдын хамгийн их асууж сонирхсон зүйл нь цагдаагийн цолны тухай байв.
Цагдаагийн цол байхгүй болно, цагдаагийн цол нь хугацааны биш, албан тушаалын зэрэг дэвийг харгалзан олгохоор болж байгаа гэдэг үнэн үү гэж ихээр асууж эмзэглэж байв. Цагдаагийн хурандаа одоо 44 байгаа нь цагдаагийн албаны тухай хууль хэрэгжсэнээр 124 болохоор байна.
Цагдаагийн алба хаагчдын дунд хариуцсан ажил үүргээ амжилттай хийж гүйцэтгэхэд цагдаагийн цол ямар их бодит хөшүүрэг болж, урам зориг өгдөг болохыг Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж яваад 2013.04.03–нд 23 насандаа амь үрэгдсэн цагдаагийн дэд ахлагч Б.Т-н тэмдэглэлийн дэвтрээс уншиж мэдэж болно. Тэрээр “2013.02.01-нд цагдаагийн дэд ахлагч болов, 13 жилийн дараа 36 насандаа хурандаа цолтой байна” гэж өөрийн гэсэн хүсэл тэмүүллээ бичиж байжээ. Цагдаагийн алба хаагчид нь иргэд олон түмэнтэй өдөр тутам харьцаж, үйл ажиллагааных нь алдаа оноо ил тод байдаг, манай орны хүн ам цөөн, орон нутагт дийлэнх нь бие биенээ таних тул албан тушаалаа даган цол нь буурсан цагдааг хүндлэхгүй үл тоомсорлож, хууль сахиулах ажилд нь сөргөөр нөлөөлөх учир цагдаагийн цолыг албан тушаалынх болгож хууль баталсныг засах шаардлагатай байна.
Цагдаагийн байгууллагын удирдах ажилтныг хотын захирагч томилно гэж заасан нь холбооны улсын бүтэц зохион байгуулалтыг дуурайсан, манайх шиг нэгдмэл улсад зохицохгүй алдаатай зүйл болов. Хуулийн энэхүү заалт нь “… нэгдсэн төвлөрсөн удирдлагатай байх үндсэн зарчмыг баримтална” 4.1, “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын дарга томилж чөлөөлнө” гэсэн 6.4 заалттай зөрчилдөхийн зэрэгцээ орон нутгийн засаг дарга нарыг зэвсэглэсэн цагдаа цэрэгтэй болгох эхлэлийг бий болгож улс үндэстний нэгдмэл байдалд хохирол учруулахаар болжээ.
Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжиж, хөрөнгө мөнгө зарцуулах эрхтэй, дээр нь зэвсэглэсэн өөрийн цагдаатай болсон тохиолдолд төр засаг, үндэстний аюулгүй байдлын эсрэг юу ч хийж болох нөхцөл байдал бий болсныг анхаарах хэрэгтэй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөт байдал, гадны шашны олон урсгал нэвтэрсэн, мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил, интернэт, твиттер, фэйсбүүк, факс, гар утасны мессеж зэргийг ашиглан сайн, муу ямар ч мэдээ, мэдээлэл богино хугацаанд олон нийтэд хяналтгүй шахам түгээх боломж нэмэгдэж байгаа энэ цаг үе, нөхцөл байдалд энэхүү шийдэл нь буруу зүйл болов.
Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарах шууд болон шууд бус зардал, хөрөнгө, эерэг болон сөрөг үр дагаваруудыг нарийн тооцох хэрэгтэй.
Монгол улсын хууль ард иргэдэд хэрэгтэй, тэдний хууль ёсны эрх ашгийг /иргэн, цагдаагийн алба хаагчийн/ хамгаалдаг байх нь зүйд нийцнэ. Мөн Монгол улсын тусгаар тогтнол, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийг гүйцэтгэх ёстой. Гэвч цагдаагийн албаны тухай хууль үйлчилж эхэлснээр, магадгүй аймгийн засаг дарга төвийн сумаа хотын зэрэглэлтэй болгож, өөрийн мэдлийн цагдаатай болох “их аян”-д автах байх. Дараа нь сумын засаг дарга хэсгийн төлөөлөгчийг томилдог эрх авахаар санаачилга гаргаж болзошгүй. Ер нь хүн төрөлхтний түүх, зах зээлийн зарчмаас үзэхэд томилсон, цалин өгч байгаа тэр хүнд л албан тушаалтан захирагдаж түүний үүргийг биелүүлдэг байна. Хотын цагдаагийн даргыг Цагдаагийн төв байгууллагын удирдлага томилохгүй, халахгүй, цалинг нь өгөхгүйгөөс хойш өгсөн үүргийг биелүүлэх болов уу?
Ер нь хуулийн салбарт хийж байгаа шинэчлэл маш чухал, үүнийг дэмжих нь зүйтэй гэдэгтэй маргахгүй. Гэхдээ шинээр батлах хуулиа өөрийн орны онцлогт тохируулж боловсруулах, батлагдсан хуулийн болохгүй зарим зүйлсийг жижиг гэлтгүй засахгүй бол энэ нь хуримтлагдсаар цаашдаа тактикийн алдаа нь стратегийн алдаанд хүргэж болзошгүй юм. Зорилгодоо хүрэхийн тулд аливаа ажлыг хийхдээ буруу аргыг ашиглавал илүү хортой байж болох талтай. Орчуулгын хууль гэж ярилцаж байсан нь үнэн байна.
Хоёр. Цагдаагийн тухай
”…Илэрхий хоёр нүүрлэн завхарсан, увайгүй үйлдэл нь хэрээс хэтэрсэн, хүндлэл даах чадваргүй удирдах ажилтнуудтай, алба хаагчдынх нь итгэл алдарч, урам хугарсан, бараг бүх түвшиндээ чимээгүй эсэргүүцэлтэй байх хамт олныг өнгөрсөн онд цагдаагийн байгууллагын удирдлагын шинэ баг хүлээн авсан юм. Энэ багийн өмнө тулгарсан хамгийн гол зорилт бол алба хаагч нийт хамт олны урам зоригийг дээшлүүлэх, одоо л нэг юм зүй зохистой болох нь дээ гэсэн итгэл найдварыг бүх хүмүүст бий болгох ёстой байв. Нийт алба хаагчдын ахуй нөхцлийг судлахад 50 хувь нь орон сууц хашаа байшингийн зээлтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 741, нэн ядуу амьдралтай 193 алба хаагч байгаагийн зэрэгцээ төв, орон нутгийн цагдаагийн 56 байгууллагад цагдаагийн алба хаагчийн 7698 өрх байна. Дээрх өрхийн:
- 24.1% нь хашаа байшинд
- 16,9 % нь хувийн орон сууцанд
- 13,6 % нь гэрт
- 9.2 % нь түрээсийн орон сууцанд
- 7.1 % нь түрээсийн хашаа байшинд
- 6.2% нь албанаас өгсөн орон сууцанд
- 3.9% нь эцэг эх, ах дүүгийн гэрт хамт аж төрдөг гэсэн дүн гарсан байна.
“Цагдаагийн алба хаагч дундажаар 7 хоногт 70 цаг, сард 304 цаг, жилд 3650 цаг буюу жирийн ажилтнаас 1,75 дахин их ачаалалтай ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчид цаг агаарын ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан ажлын хэт их ачаалалттай ажиллаж байгаагаас хамаарч эрүүл мэнд, нийгмийн асуудал орхигдох байдалд хүрсэн юм. /ЦЕГ-ын Судалгаа 2012.12.21/
Цагдаагийн 4346 алба хаагчдыг хамруулан судалгаа хийхэд 1570 хүн буюу 36% нь зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж оношлогдсон байна. /ЦЕГ-ын Хуулийн хэлтэс 2013.01.26/
Эдгээрийг засаж сайжруулахад тодорхой хөрөнгө, хүч, орон тоо, хугацаа хэрэгтэй. Ямар ард түмэн байна, тийм цагдаа байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улс төрчдөөс хамгийн бодитойгоор үнэлж ”…Яг чин үнэнийг хэлэхэд сүүлийн хорин жилд Цагдаа шиг үүргээ сайн биелүүлж ажилласан байгууллага ховор байх…” гэж УИХ-ын гишүүн Цэндийн Нямдорж хэлсэн байх юм. /2011.05.10. №111 (1135) “Үндэсний шуудан”/
Манай орны хувьд Цагдаагийн байгууллага нь нийгэм, улс төрийг тогтвортой байлгах, улс үндэсний дотоод аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ардчилал, шинэчлэл, өөрчлөлт нэрээр хэт туйлширсан, харалган бодлогын үүднээс бүтэц зохион байгуулалтаар нь хамаагүй оролдох нь цагдаагийн албаны үнэт зүйл, түүхэн уламжлал алдагдаж, ажилтнуудын албаны бахархал үгүй болох, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, гадаад улс болон үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжих бололцоог нэмэх эрсдэлтэй байна.
Гурав. Тусгай албаны тухай
АНУ, ХБНГУ зэрэг улсуудад байдаг Мөрдөх албыг манайх шиг нэгдмэл улсад байгуулваас гэмт хэрэгтэй тэмцэх төрийн нэгдсэн бодлого алдагдаж хүн хүч хөрөнгийг тарамдуулж, үргүй зардлыг ихэсгэнэ. Хэрэв зайлшгүй Мөрдөх алба байгуулах шаардлагатай хэмээвээс ямар ч тохиолдолд Хууль зүйн яамны харьяанд ажиллуулж болохгүй. Сүүлийн хорин жилд хууль зүйн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэн сахиулах гэсэн хоёр өөр үйл ажиллагааг төрийн захиргааны нэг байгууллагад харьяалуулж байсан нь хуулийн бодлого, арга зүй хэрэгжилтийн явцад алдаа болон хувирах тохиолдол удаа дараа гарч байв.
Төрийн хууль цаазны алс хэтийн бодлого тодорхойлогч яам нь богино хугацаанд яаралтай хэрэгжүүлэх үүрэгтэй хууль сахиулах үйл ажиллагааг шуурхай удирдан зохицуулах чадвар дутагддаг болохыг 2008.07.01–ний үйл явдал тод харуулсныг анхаарч яаралтай засах хэрэгтэй байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам гэж байсныг шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны дараа Хууль Зүйн Яам болгож өөрчилсөн нь зөв зүйтэй хэрэг болсон бөгөөд үүнийг цааш нь гүйцэд хийхийн тулд Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах төрийн захиргааны төв байгууллага бий болгох хэрэгтэй байна.
”Хувцасны дизайнер зохион бүтээгч” нь өөрийн бүтээсэн хувцсыг хэзээ ч өмсдөггүй, дизайнерийн бүтээлийг топ модель өмсөж шоунд ордог.
Үүнтэй адил Хууль зүйн яам нь “Мөрдөх албаны тухай” хуулийн төсөл боловсруулж, батлуулаад Хууль зүйн сайд нь тухайн албаны удирдлагыг томилохоор хуульчилж байгаа нь ардчилал, хүний эрх дээдлэх зарчимд нийцэхгүй зүйл болоод байна. Гадаадын улс орнууд манай орны байгалийн баялагийг ихээр сонирхох болсны зэрэгцээ үндэстэн дамнасан корпорациудын эдийн засгийн ашиг сонирхолтой, үндэсний аюулгүй байдлын эрх ашиг зөрчилдөх болов.
Монголд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж байгаа гадны нэгэн томоохон компанийн дотоод аюулгүй байдал, харуул хамгаалалтын ажилтнууд манай тусгай албадын ажилтны тооноос 1,5 дахин илүү, тэдний сургалт, зохион байгуулалт, ашиглаж буй техник технологи илт давуу гэдэгтэй маргах хэрэггүй байх. Тагнах ажлын техник технологийн олон улсын хөгжлийн түвшнээс гүйцэтгэх ажлын тухай бидний мэдээлэл, мэдлэг ойлголт нь илт хоцрогджээ. Тагнах ажиллагаа нь бидний төсөөлж буйтай харьцуулах аргагүй хөгжсөөр байна. Энэхүү хоцрогдол нь мөрдөн тагнах чиглэлийн үйл ажиллагаатай холбоотой хууль боловсруулах ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй.
Дөрөв. Гадны нөлөөний талаар
“…Хэдэн жилийн өмнө Африкийн нэгэн оронд олон улсын бага хуралд оролцож, гадны нэг судлаачтай уулзахад ”Байгалийн баялаг ихтэй оронд хэрэгжүүлдэг технологи байдаг, эхлээд Эко цагдаа байгуул гэнэ, байгаль хамгаалах шаардлагатай гээд орон нутгийн ард олныг зэвсэглэнэ, тэднийг засгийн газрын эсрэг ашиглана, дараа нь “Ашиг сонирхлын зөрчлийн тухай“ хууль батлуулна, тэгээд “Мөнгө угаахын эсрэг” хууль батлуулахыг шаардана, түүний дараа ардчилал, хүний эрх гэсэн нэрийн дор хууль сахиулах хүчний байгууллагуудын үүрэг гүйцэтгэх хүчин чадварыг хуулийн хүрээнд сарниулан тарамдуулна. Ингээд тухайн улс орны байгалийн баялагийг ямарч хяналт, шалгалт зөвшөөрөлгүй ашиглаж эзэмших эрхтэй болно. Африкийн орнуудад энэхүү технологийг амжилттай хэрэгжүүлсэн, танай ээлж одоо болж байх шиг байна …” гэсэн нь биелэж эхлээд байна гэж УИХ-д суудал бүхий улс төрийн намын ажилтан ……. 2013.07.04-нд ярьсан байна.
Гадаад орны туршлага сайн зүйлийг хуулахдаа чухам юу нь манайд таарч тохирох, аль нь ашигтай болохыг тооцолгүй мухар сохроор даган дуурайж харь хүмүүсийн эрх ашигт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэх ажил болоод байна.
Муудсан хиам зэрэг чанаргүй хүнснээс үр хүүхдээ хүмүүс сэргийлж хамгаалж чаддаг боловч муу үр нөлөөтэй хортой мэдээ, мэдээллээс хамгаалах чадваргүй болсон байна. Хүний далд ухамсарт суулгаж буй мэдээллийг хүн хэзээ ч мэддэггүй. Бага насны хүүхдүүдэд хүүхэлдэйн киногоор дамжуулан нөлөөлдөг аж. Хүүхэлдэйн кино нь хүүхдийг саатуулж байгаа мэт боловч биеэ хэрхэн авч явах хөтөлбөрийг далд ухамсарт нь суулгадаг байна. Үсээ хэрхэн арчлах, ямар загварын хувцас өмсөх талаар загварын сэтгүүл үзэж сонирхож буй охид бүсгүйчүүдэд ертөнцийг таних үзэл бодлын талаарх мэдээллийг энэхүү сэтгүүл нь түгээж байна гэвэл хэн ч үнэмшихгүй.
Яг үнэн хэрэгтээ энэ нь тэдний ухамсарыг загварчилж байгаа юм. Орчин үеийн хамгийн хүчирхэг танк телевизорын өмнө хүчгүй гэсэн ойлголт түгээд байгаа юм. Залуучууд өсвөр үеийнхний ухамсар оюун санаанд хэн нөлөөлж чадна, түүний гарт ирээдүй байна гэсэн томьёолол бий болжээ. Нийгмийг завхруулах шаардлагатай бол “Ичнэ” гэдэг ойлголтыг үгүй болгох хэрэгтэй гэдэг. Нийгмийн ухамсарт нөлөөлөх нь төрийн онц чухал салбар гэж үзээд гадны хүмүүсийг оруулдаггүй байсан гэнэ.
“Хамгийн гол нь ямар ч буруу зүйлд хүмүүсийг тэвчээртэй хандаж сургах шаардлагатай” гэдэг. Ингэснээрээ ёс суртахууны талаар тахир дутуу хүмүүс бий болгох хэрэгтэй гэсэн үзэл суртал хэрэгждэг байна. Элит хэсэг нь нийгмийг зохион байгуулдаг бол нийгэм нь цаг үеэ бүтээдэг байна. Мэдээлэл нь элитийг бий болгож бүрдүүлэхэд чухал нөлөөтэй гэнэ. Мэдээлэл бүтээгч нь цаг үеэ бүтээн байгуулдаг гэх ойлголт ухаарал бий болсон байна. Бид өөрсдөө мэдэлгүйгээр гаднаас явуулж байгаа мэдээллийн дайны золиос болж байна.
Олон нийтийн санал бодлоо солилцох талбар болсон twitter, facebook зэргээр төрийн ажил хэрэг явуулж болохгүй бөгөөд түүгээр төрийн ажилтай холбоотой зүйлийг зарлаад, санал бодлоо захиалгаар бичүүлээд баймааргүй байгаа юм. Амин хувийн зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээг /twitter, facebook/ ашиглан нийгмийн сэтгэл зүйг бужигнуулаад байж болохгүй. GoGo.mn сайтад 2013.08.14-нд тавигдсан “Шартсан монгол” нийтлэлд “Монголчууд бид бүх юмыг хэмжээнд нь тааруулан хэрэглэх соёлд суралцах цаг болжээ” гэжээ.
“Twitter хэрэглэгчдийг жиргээчид гэж монголчууд оновчтой орчуулжээ” гэж Оросын монголч эрдэмтэн Юрий Кручкин хэлжээ. Нилээд олон жилийн өмнө “Шувууны бага нь жиргэж, хүний бага нь гүйдэг” гэсэн зүйр үгийг сонссон Чехийн нэгэн эрдэмтэн инээгээд “Яасан онож хэлээ вэ? бүргэд, тас зэрэг том шувууд жиргэдэггүй зөвхөн жижиг шувууд жиргэдэг юм гэсэн гэдэг.
Төрийн байгууллага бүрт хэвлэл мэдээллийн алба гэж бий. Төрийн алба, ажилтан хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах ажиллагааг шинэ агуулга хэлбэр, шинэ түвшинд гаргах хэрэгтэй болоод байгааг өрнөж байгаа үйл явдлууд харуулж байна. Төрийн алба, төрд алба хаах нь “эрхэмсэг оршихуй” болохоос хөнгөн гоомой, сэтгэлийн хөөрлөөр ханддаг ажил алба биш юм.
”…Үнэндээ цаанаас дохих зориудын бодлогын золиос, захиалагчдаа тэд таних ч үгүй, захиалгад автсанаа мэдэх ч үгүй. Нэг хэсэг нь харанхуй мунхагтаа, нөгөө хэсэг нь “тэр авсан бол би бас авна“ гэсэн өчүүхэн сувьдаглал, атаархал, барьцсан шуналдаа хөтлөгдөгсөд …” гэж 2013.08.07. №193 (4520)-ны “Өдрийн сонин”-д гарсантай энэ нь таарч байгаа юм.
Бусад улс орнуудын туршлагаас авч хэрэгжүүлэхдээ ”Нэг бол олон улсын жишигт нийцсэн гэж зүтгэх, үгүй бол энэхүү жишиг стандарт нь манай орны онцлогт таарахгүй гээд хамгийн гол чухал зүйлийг нь орхигдуулах, эсвээс орон болгоны туршлага ололтыг авч хэрэгжүүлнэ гэсээр аль ч үгүй болох тохиолдол гарсаар байгаа нь манай ажилд байгаа алдаа дутагдлын ихээхэн хэсгийг эзэлж байна. Албан тушаалаас өөрчлөгдсөнөөр ингэж байгаа биш урьд нь ярьж анхааруулж байсан боловч хууль боловсруулах явцад гадаад дотоод давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсаар ийм байдалд хүрсэн. Энэ янзаараа цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Тав. Сандлын тухай
…Өмнөх засгийн газрын Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга нар улс орныг яаж хорлох билээ, амьтан хүнийг хэрхэн яаж тамлах билээ гэж өдөржин шөнөжин бодож байгаад тэрхүү сандлыг авчирсан гэвэл түүн шиг худал зүйл огт үгүй. Хэрэгцээ шаардлага гараад л авчирсан хэрэг. Авчирсан сандлыг эрүүгийн хэрэг шалгах хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажил буюу байцаан шийтгэх ажилд ашигласан зүйл байхгүй. Ямар тохиолдолд хэрхэн яаж ашиглах ёстой талаар нарийвчилсан зааврын төсөл боловсруулаад, хянан нягтлах байгууллагад хүргүүлээд байсан.
2010.04.02-нд Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн байгууллагын хамтран баталсан ”Нэг бүрийн тусгай хэрэгсэл“ буюу хүлэг, ороох цамц ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журам бий. Түүнд “Дөрвөлжин хүлэг” гэсэн нэртэй хүлэх арга байгаа. Асуудал болсон сандлыг ашиглаж болохгүй гэсэн логикоор явах юм бол хүний эрхийг чухамхүү хаан боож, хязгаарладаг гав, бороохой, галт зэвсэг гэх мэтийн тусгай олон хэрэгсэл цагдаагийн байгууллага өнөөдөр ашиглаж хэрэглэж байгааг болих хэрэгтэй болох нээ.
Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд анх томилоход улс төр, эдийн засаг бизнес, эрүүгийн бүлэглэл зэргээс ангид явах хэрэгтэй гэж гурван зүйлийг анхааруулж байсан. Харин одоо бол “Долдой хүмүүс”-ийн хов живнээс хол ангид явах шаардлагатай гэдгийг нэмэх хэрэгтэй болжээ.
Нилээн дээхэн үед “Харамч, Ховч, Худалч“ гурав нэг дор ойрхон байдаг гэсэн яриа сэхээтнүүдийн дунд тарсан байна. Тэр нь юу гэвээс Сангийн яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэн гурвыг нэг дор ойр байдаг болохоор тэгж хэлсэн хэрэг. Харин сүүлийн үед манайд “Гэнэ лээ гуай, Юм шиг гуай, Магадгүй“ гэсэн нэртэй гурван хүний амаар бүх ажил төрөл шийдэж байна гэсэн сул үг олны дунд түгэх болсон нь ортой юм. Аливаа хов живийг гурван удаа давтахад л үнэн мэт болно. Тэгээд ч гурвын тоонд Бурхан дуртай гэдэг.
Манай орны хувьд сүүлийн дал гаруй жилд албан ёсны мэдээ, мэдэгдэл нь ард олныг голдуу хуурч аргалдаг байсан учир бүх нийтээр албан бус ам дамжсан ярианд итгэх болсон байна. Түүний дагуу асуудал шийдэх болсны уршиг гарч байгаа нь тэр. Өнгөрсөн 300–гаад жилд бид өөрсдөө төр барьсангүй, хойд урд хөршийн эрх баригч нарт ээлжлэн, уралдан очиж ховлож байсны залгамж халаа явж байгаа нь энэ юм болов уу. Ажлаас өөрчлөх шалтгаан нь сандал биш өөр зүйлд, асуудал шийдвэрлэх арга, сэтгэлгээ, хандлагатаа байгаа юм.
Судлаачдын тогтоосноор ”Эрх мэдлийн өвчин” гэж байдаг гэнэ. Өвчний шинж тэмдэг, ямар хугацаанд яаж илрэх, хэрхэн илаарших зэргийг маш нарийн тодорхойлсон байдаг аж. Тэрхүү өвчнөөр өвдөхгүй байх магадлалтай хүний тоо маш цөөхөн байдаг гэх бөгөөд түргэн хугацаанд даван туулахад хамгийн гол нь багын суурь хүмүүжил, хүн чанар, мэдлэг боловсрол зэрэг нь ихээр нөлөөлдөг гэнэ. Манай нийгмийн олон салбарт тулгараад байгаа ужиг хүндрэлийн нэг нь В.И.Лениний бичсэн “Зүүний нялхасын өвчин” буюу Монголын нууц товчоонд гардаг ”Нялхи Сэнгүм” гэж тодорхойлсон гажуудал болоод байна. Хүүхэд багадаа салхин цэцэг, гахай хавдар, хоолой нь өвдөх зэргээр зайлшгүй өвдөж байж хүн болдог шиг өнөөгийн удирдах албан тушаал хашиж байгаа олон хүнд энэхүү шалгуурыг нэр төртэй даван туулах чадвар дутаж байгаа нь бидний туулж өнгөрүүлэх ёстой бэрхшээлүүдийн нэг болж байна. ”Эмэгтэй хүнийг алтаар, эр хүнийг эрх мэдлээр сорь” гэдэг эртний үг бий.
Зургаа. Эцэст нь хэлэхэд
Төрийн байгууллагуудын өнөөдрийн хийж байгаа ажил, батлуулж байгаа хууль болгоны эцсийн үр дүн нь УИХ-ын 2016, ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дүнд шууд нөлөөлөх бөгөөд ардын хувьсгалын 100 жилийн ой, үндэсний их баяр наадмыг 2021 онд хэн нээх вэ гэдэг эрхийг авах өрсөлдөөн, нөгөө талаас Монгол хүн Монголдоо сайхан амьдарч, ажиллах боломжийн төлөө тэмцэл гэдгийг бид бүгд ухаарах хэрэгтэй байна.
Монголчууд бидний туулж өнгөрүүлсэн сүүлийн 300 жилийн түүхэнд хамгийн их хэрэглэж, амнаас гардаг байсан үг бол “… Аргагүйн эрхэнд л …” гэдэг байв. Бараг л анх удаагаа энэ үгийг бид хэлэхгүй, хэрэглэхгүй байх боломж бүрдэв. Энэхүү ”ховор боломжийг” алдахгүй байхыг хичээж явах нь бидний эрхэм чухал үүрэг мөн.