
Цэцэрлэгийн хүрэлцээ. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бараг тал хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн базаахгүй баримт бий. Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг гэхэд л авах ёстой хүүхдээсээ 30 хүүхэд хэтрүүлээд авдаг гэх. Магадгүй үүнээс ч олон байж болно. Хотын төв, зах, дунд гэлтгүй аль ч хэсэгт цэцэрлэгийн хүрэлцээ угаас тааруу байгаа. Сүүлийн 10 жилийн туршид ийм л байсаар ирсэн. Хөдөөнөөс хот руу чиглэх их нүүдлийн түрлэгт хамгийн эхэнд өртсөн газар нь цэцэрлэг. Мэдээж одоохондоо ямар ч сонголтгүй учир байгаа хэддээ багтахаас өөр аргагүй. Багтаагүй нь мэдээж өөр арга бодох хэрэгтэй болж. Үүн дээр нь хамгийн их тоглож байгаа нэгэн бизнес цэцэглээд таван жилийн нүүрийг үзжээ. Энэ нь хувийн цэцэрлэгүүд. Бэнчинтэй нэг нь төлбөрөө төлөөд хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулах сонголт гарч ирсэн. Харин бэнчингүй нэг нь цэцэрлэг их болохыг хүлээхээс өөр арга байхгүй.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг 1,5-2 дахин нэмэгдүүлж байгаа ч авах ёстой хүүхдийн дөнгөж 60 хувийг л хамруулж байна. Өөрөөр хэлбэл 100 хүүхдээс 40-ийг нь авах ямар ч боломж байхгүй.
Дүүргэлт ихтэй анги. Мэдээж сургуулиудын хүрэлцээ тааруу байгаа. Гэхдээ цэцэрлэгийг бодвол сургуулиудын хүрэлцээ шүдний өвчин болоогүй байгаа. Энэ бол таатай мэдээ. Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилээр 22 мянган хүүхэд сургуулийн босго алхана. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн сургуулиудын хүчин чадал 1,6 хувиар өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд 17 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа гэх базаахгүй мэдээ гарчээ. Ирэх хичээлийн жилд энэ сургуулийн тоо нэмэгдэнэ. Учир нь гурван ч сургуулийг нурааж, шинэ сургууль барьж байгаа. Бага ангийнханы тоо ч нэмэгдсэн. Энэ бүх анти үзүүлэлтүүд багтахгүй ч шахцалдаад суу гэсэн тааруухан теоремийг бий болгох гол хүчин зүйлүүд нь. Албаны хүмүүс үүнийг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээтэй холбодог. Шинээр баригдсан хорооллуудын оршин суугчид нэмэгдэхийн хэрээр хамран сургах тойрог нь асуудалтай болдог. Мөнхүү хотын төвийн 10-аадхан сургуульд хүүхдээ сургах гэж шавдаг гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ асуудал зөвхөн энд байгаа юу гэдэг эргэлзээтэй.
Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ: Энэ бол нийтийг хамарсан ч гэдэг юм уу эсвэл сургууль огт хүрэлцэхгүйтэй холбоотой асуудал биш. Хоёр л шалтгаан байгаа. Нэгдүгээрт, орон сууцны шинэ хороолол, шинэ орон сууц баригдсан ч сургуулийн хамран сургах тойрог нь шинэчлэгдээгүй, эсвэл шилжин ирэгсэд оршин суух газартаа бүртгэл хийлгээгүйтэй холбоотой. Хоёрдугаарт, хотын төвийн 10-аадхан сургууль руу хүн болгон хүүхдээ оруулах гэсэнтэй холбоотой.
Уучлаарай, энэ бол маш эмзэг сэдэв. Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдлээ. Хичээлийн шинэ жилийн өмнөхөн оюутантай эцэг, эхчүүдийн шар үс босдог гэхэд хилсдэхгүй. Учир нь арай ядан хүрэлцэж байгаа цалин дээр оюутны сургалтын төлбөр гэдэг бол том ачаа. Яахав үүнд санаа зовохгүй гэр бүл байж болно л доо. Гэхдээ нийтийн дунджаас хамаагүй бага гэдгийг санахад илүүдэхгүй. Ирэх хичээлийн жилийн тухайд МУИС, ШУТИС төлбөрөө тодорхой хувиар нэмэх нь тодорхой болж байгаа. СУИС, ЭМШУИС, МУБИС арайхан төлбөрөө нэмэх талаар сүүлийн мэдэгдлээ хийгээгүй байна. Гэхдээ нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Тэд ингэж сургалтын төлбөрөө нэмсэний үр дүн нь юу байдаг билээ. Санах гээд ородъё. Энэ хугацаанд багшлах арга барил өөрчлөгдөөгүй. Индэр дээрээс нь багш нар лекц уншиж, оюутнууд хэн нэгний шахааны номноос иш татаж даалгавраа хийнэ, эцэст нь дипломтой ажилгүйчүүдийн эгнээг нэмнэ. Энэ бол төлбөр өөрчлөгдөж байхад огт өөрчлөгдөөгүй сургуулийн чанар. Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэх нь зах зээлийн л зүйл л дээ. Гэхдээ төлбөртэйгөө уялддаг чанартай байх ёстой. Үнэ дагаж чанар гэдэг байх аа. ОХУ-д төлбөрийн асуудалыг таван жилээр шийддэг. Тав, таван жилээр сургалтын төлбөр нэмэгдэж байдаг. Үүнийгээ дагаад нэмсэн сургуулиудын чанар, ажилд оруулж байгаа эсэхийг нь харгалзан гэрчилгээ олгодог тогтолцоотой. Энэ мэтчилэн олон шийдэл байж болно. Тэгэхгүй бол жил болгон бараа бүтээгдэхүүний үнэ шиг нэмэгдээд байвал гол зорилгоосоо хазайхын цондон ч байж болох.
Сүүлийн үед төр их дээд сургуулиудын гадаад болон дотоод орчныг сайжруулахад анхаарах тухай их ярих болсон. Хэрвээ их, дээд сургуулийн дотоод хэрэгт төр оролцоод эхлэх л юм бол байдал шал өөр тийшээ хэлбийнэ. Сургалтын төлбөрийг нэмэхгүй байхын тулд тухайн сургууль менежментээ сайжруулах ёстой. Дотоод үйл ажиллагаанд зарцуулах мөнгөө судалгаа, шинжилгээ, нээлт зэргээс олсон ашгаараа санхүүжүүлж явах нь хамгийн зөв сонголт. Угаасаа дэлхийн их, дээд сургуулиуд ийм л зарчимаа явдаг.
МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун: Энэ жил зөвхөн цахилгаан дулааны үнэ 30 хувь нэмэгдсэн ч их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй тул төлбөрийг нэмэгдүүлэх үндэслэл байхгүй. Харин ч энэ жил төрийн албан хаагчийн цалингийн хувь нэмэгдээгүй.