&#34ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалсан&#34

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

&#34ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалсан&#34

Э.Батшугар: ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалсан нь
бидний том амжилт

Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндэсний статис­тикийн хорооноос Мон­гол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танил­цууллаа. Инфляц 8.3 хувьтай байгааг зарлалаа. Монголын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр ямар байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн байдал 2012 оны нэгдүгээр улирлаас эхлээд болзошгүй хямралын байдалд орсон. Эдийн засгийн индикаторуудыг харахад энэ давалгаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Чухалчлан хэлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 44 хувиар буурсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлснөөс хамгийн гол нь  Оюутолгойн гэрээний маргаан, стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай 2012 онд батлагдсан хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай шуугиан болон хөрөнгө оруулалтын орчинг муутгасан бусад хүчин зүйлс юм.

Энэ хүчин зүйлүүд нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хөрөнгө оруулах нь ашигтай юу эсвэл ашиггүй юу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Ашиг нь дан эдийн засгийн талаас бүрддэг биш давхар хууль эрхзүйн тогтвортой байдал бас чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид гадаадын хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг нь олон улсын жишгээр эрхзүйн талаас нь баталгаа гаргаж, хуулиа тогтвортой байлгах ёстой.

Ерөнхийдөө дэлхийн эдийн засаг ханиаднаасаа эдгэрээгүй байгаа. Жишээлбэл Европын холбооны эдийн засаг уналттай хэвээрээ байна, БНХАУ-ын эдийн засаг өсөлт саарсан, АНУ-ын ажилгүйдлийн түвшин өндөр хэвээрээ байна.Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн үйлдвэржилт багасч үүнийг даган уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон эрэлт хэрэгцээ харьцангуй буурсан. Энэ үзэгдэл Монгол Улсын төлбөрийн тэнцэлд шууд муугаар нөлөөлсөн. Төлбөрийн тэнцэл 2013 оны эхнээс алдагдалтай байсаар байна. Учир нь Монгол Улсын нийт экспортын 90-ээс дээш хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрддэг бол нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь энэ салбарт орж ирдэг. Гэхдээ нөгөө талаас гадаа дандаа бороо ордоггүйтэй адил эерэг үзүүлэлтүүд гарч ирж байна. 2012 оны төгсгөлд 14 хувьтай байсан инфляц энэ оны долддугаар сард 8.3 хувь болж буурлаа. Улаанбаатар хотын хэмжээнд бүр долоон хувь болоод байна. Инфляц ийнхүү буурч байгаа нь иргэдийн бодит орлогыг хамгаалахад чухал болж байна. Үүнтэй холбогдуулан банкны зээлийн хүү дунд хугацаанд буурах ёстой.

-Инфляц цаашид буурах шалтгааны талаар та тайлбарлаж өгөөч?

-Нэгдүгээрт, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого идэвхтэй, зөв явж байна гэсэн үг юм. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нийлүүлэлтийн гарал үүсэлтэй инфляцийг бодитой бууруулж байна. Гуравдугаарт, төсвийн тогтвортой байдал хангагдаж, төсвийн зарцуулалт нь орлоготойгоо уялдаж бага байна. Гэхдээ төсөв тал дээр ярихад цаашдаа улсын төсвийн орлого тасалдах эрсдэл харагдаж байгаатай уялдаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг тууштай хангах сорил тулгарч байгаа юм.

-Төгрөгийн ханш суларч байхад инфляц буурсан үзүүлэлттэй гараад байна. Энэ хоёр үзүүлэлт ямар хамааралтай байдаг юм бэ. Зарим хүн төгрөг нь суларч байхад инфляц буурч байгаад эргэлзэж байгаа байх?

-Мэдээж, эдийн засагт бүх зүйл бие биедээ хамааралтай. Гэхдээ төгрөгийн ханш сул байх нь инфляцид шууд нөлөөлөхгүй. Инфляц бол үнийн өсөлт. Төгрөгийн ханш суларна гэхээр заавал үнийн өсөлт бий болох ёстой гэсэн үг биш. Тодорхой хэмжээнд ирээдүйд импортоор орж ирэх барааны үнэд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ үндсэн эдийн засгийн үзүүлэлтүүд нь төгрөгийн ханшаас болж заавал мууддаг гэж ойлгож болохгүй. Тийм ч учраас Монгол Улс ханшийн уян хатан системтэй. Хамгийн гол нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого чухал. Үүний тулдМонголбанк мөнгөний бодлого хэрэгжүүлж, үнийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зорилт тавьж ажилладаг. Мэдээж төгрөгийн ханшийн сулралтаас шалтгаалж инфляц өсөх эрсдэлийг бид судалж байдаг.

-Төгрөгийн ханшийн уналт хэр удаан үргэлжлэх бол оо. Оны сүүл гэхэд байдал наашлах уу?

-Энэ асуултанд шууд хариулах боломжгүй. Учир нь төгрөгийн ханш нь маш олон харьцангуй хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ би нэг юмыг хэлж чадна. Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээн нэмэгдүүлэх, экспортыг дэмжих арга хэмжээ авах юм бол валютын зах тогтвортой байх бүрэн боломж бүрдэнэ.

-Зарим хүн Монголбанк ам.долларын ханшийг бууруулж чадахгүй байна гэж хардаж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монголбанк бол мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага. Харин зах зээлд валютын ханшийг тогтоодог байгууллага биш. Төгрөгийн ханш бол зах зээлд чөлөөтэй тогтож байдаг. Эдийн засгийн суурь нөхцөл муудаад байвал ханш сулрах хандлагатай болдог. 2012 оноос эхлээд манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын түүхий эдийн үнэ унах хандлагад орсныг өмнө хэлсэн. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайнгүй болсон. Тэгэхээр суурь үзүүлэлтээ дагаж байгаа ханшийн энэ хандлагыг сөрж, чангаруулах оролдлогыг Монголбанк хийх ёсгүй, хийх ч үгүй л дээ. Харин ханшид үүссэн огцом өөрчлөлт, хэлбэлзлийг Монголбанк багасгадаг. Наадмын дараачаас эхлээд хоёр ч удаа ханшид маш огцом өөрчлөлт гарлаа. Энэ болгонд Монголбанк валютын захад оролцож зохицуулснаар тогтвортой байдлыг хангасан.

-Хөрөнгө оруулагчдын хүлээлт ямархуу байна вэ. Ямар ямар хөрөнгө оруулалт манай улсад орж ирэх төлөвтэй байна?

-Юун түрүүнд бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн маш ойлгомжтой, тогтвортой орчинг бүрдүүлж, тэрийгээ дотоодод ч, гадаад орчинд ч их зөв тайлбарлан ойлгуулж, сурталчлах хэрэгтэй. Заавал нэг салбарыг онцолж, эсвэл заавал гадаадын гэж ялгаварлан хууль гаргах нь тийм ч оновчтой биш. Тэр нь зохицуулах гэсэн том харилцаагаа зохицуулж чадахгүй байх магадлалтай. Тэрнээс нь болоод тодорхой бус байдал үүсдэг, хөрөнгө оруулагчдын итгэл мууддаг. Тиймээс стратегийн салбар, гадаадын хөрөнгө оруулагч гэж тусад нь ялгахгүйгээр, ерөөсөө дотоод, гадаадын нийт хөрөнгө оруулагчид, эдийн засгийн бүхий л салбар, хот хөдөө гэх мэт нутаг дэвсгэрийн бүсчлэлийг бүхэлд нь хамарсан хөрөнгө оруулалтын тухай шинэ хуультай болох хэрэгтэй. Ингэснээр нийт хөрөнгө оруулагчдад маш ойлгомжтой, тодорхой орчинг бүрдүүлж өгнө. Улмаар энэ нь Монгол дахь хөрөнгө оруулалт урт хугацаанд тогтвортой өсөх суурь нөхцөл болно л доо. Нөгөө талаар Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордууд, тэдгээрт түшиглэсэн төслүүд бол хөрөнгө оруулалтын маш том жишиг юм. Өөрөөр хэлбэл, монголчууд эдгээр томоохон ордод хэрхэн хандаж байна гэдгийг гадны хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа хэрэг. Энэ ордуудын төсөл хэрхэн амжилттай хэрэгжихээс шалтгаалан гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын талаарх дүгнэлт өөрчлөгдөх боломжтой шүү дээ. Заавал уул уурхай гэлтгүйгээр бусад салбарт ч хөрөнгө оруулалт нь ихэснэ.

-Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн сайд мэдээлэл хийхдээ зэс, алт, нүүрсний үнэ сайнгүй байгаа талаар мэдээллээ. Харин таны харж буйгаар эдгээр бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөх бол?

-Түрүүн хэлснээ үргэлжүүлэхэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал одоо хэр нь сайжраагүй байна. Европын хямрал хэвээрээ байна. Энэ нь Хятадын эдийн засагт шууд нөлөөлнө. Хятадаас Европын орнуудад хийх экспорт нь буурах хандлага үргэлжилж болзошгүй. Үүнтэй уялдан аж үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ цаашид буурч болзошгүй байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хятадын нүүрсний импортын биет хэмжээ бол буураагүй, харин ч өсөлттэй байна лээ. Гэтэл Хятадын нийт нүүрсний импортод эзлэх манай улсын хувь хэмжээ 2011 оны дунд үед 50 гаруй хувьтай байснаа буурсаар одоо бүр 19 хувьтай болжээ. Энэ нь нүүрсний экспортын хувьд манайх Австралид зах зээлээ алдаж байгааг харуулж байна. Үүнээс үзэхэд манай улсад экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой шаардлага байна.

-Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай эдийн засгийн бодит өсөлт энэ оны эхний хагаст 11.3 хувьд хүрсэн байна. Энэ өсөлтөд та ямар дүн тавьж байна вэ?

-Энэ бол маш эерэг үзүүлэлт. Өнөөдрийн дэлхийн эдийн засгийн хүнд байдалд хоёр оронтой өсөлт үзүүлнэ гэдэг том амжилт. Хятад хүртэл эдийн засгийн өсөлт нь ердөө долоон хувь байна. АНУ бол нэг хувьтай байна. 2004 онд Монгол Улс анх удаа хоёр оронтой тоонд буюу 10 хувийн өсөлт үзүүлсэн. Энэ оны эхний улиралд эдийн засгийн бодит өсөлт 7.1 хувьд хүрч буурч байлаа. Гэтэл хоёрдугаар улиралд 14.3 хувиар өслөө. Ингэж ДНБ-ий бодит өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалж, иргэдийн бодит орлогыг дээшлүүлж байгаа нь бидний амжилт юм. Уг өсөлтөд хувийн хэвшлийн маань хувь хэмжээ өндөр байгаа. Үүнд мэдээж Монголбанкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого эергээр нөлөөлсөн.

-Энэ нь эдийн засагт эрсдэл бага байна гэсэн үг үү?

-Эрсдэл гэхээсээ илүү боломжийг нь ярих хэрэгтэй байх. Ийм өсөлттэй улсад шинэ бизнесүүдэд боломж нь дүүрэн байна гэсэн үг. Долоон хувийн өсөлттэй байхад суларч, алдарч байсан итгэл 14 хувийн өсөлттэй орчинд эргээд сэргэх суурь нь болж өгнө. Ажлын байр, иргэдийн бодит орлого хадгалагдаж, хувийн хэвшил, бодит сектор маань өргөжин тэлэх боломжтой.

-Эдийн засаг өсч, инфляц буурч байгаа гэсэн мэдээлэл байгаа ч улсын төсөв алдагдалтай гарсан байна?

-Манай улс төсвөө хийхдээ арай л өөдрөгөөр төсөөлсөн. Оюутолгой, Тавантолгойн экспортын орлогыг бодит хэмжээнээс өндөр дүнтэй оруулсан байлаа. Бүр Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар 500 гаруй тэрбум төгрөг төсөвт төвлөрнө ч гэж тусгасан байсан. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүдээс авах татвараа ч өндөр тооцсон байсан. Гэхдээ төсвийн алдагдал өндөр байгаа ч оны эцэст хүнд байдал үүсэхгүй байх. Төсвийн алдагдлыг нөхөх боломж, арга замуудаа тодорхой болгож, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагуудыг хангах ёстой.

-Манай санхүүгийн систем хэр тогтвортой байна вэ?

-Манай улсын санхүүгийн систем эрүүл, тогтвортой байна. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Монголбанк системийн хувьд болон тухайн нэг банкны хувьд тавьдаг хяналт шалгалтаа сайжруулан ажиллаж байна. “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлсэн арга хэмжээ бол хуульд заасан зайлшгүй арга хэмжээ байсан. Энэ банкин дээр Монголбанк өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байсан юм. Асуудал саяхан бий болчихсон биш, хоёр жилийн өмнөөс улбаатай гэж хэлэх гээд байна л даа. Харин авсан арга хэмжээ нь сая хийгдсэн бөгөөд асуудлыг маш богино хугацаанд, ердөө нэг хоногийн дотор шийдвэрлэлээ. Үүний үр дүнд тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, ажилтнуудад ямар ч хохирол бий болоогүй. Үйл ажиллагаанд нь саатал, доголдол гараагүй. Системийн хэмжээнд чанаргүй зээл 3.7 хувьтай байна гэдэг бол сайн үзүүлэлт.

-Орон сууцны найман хувийн хүүтэй зээл цаашаа үргэлжлэх үү?

-Энэ зээл ямар ч гацаагүйгээр цаашид үргэлжилнэ. Монголбанкны мөнгөний бодлогын хүрээнд, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр маань иргэдэд өгөөжөө өгч байна. Цаашдаа ч өгсөөр байх болно. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.

-Валютын ханш өөрчлөгдсөн, хөрөнгө оруулалт багассан зэрэг нь орон сууцны найман хувийн хүүтэй зээлд нөлөөлөх үү?

-Арилжааны банкууд энэ зээлийг гаргадгаараа гаргана. Тиймээс ямар нэгэн байдлаар нөлөөлөх зүйл байхгүй. Харин иргэд тогтвортой орлоготой л байвал энэ зээлд хамрагдах боломж нь нээлттэй байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 38 хоногийн дотор л гэхэд 4200 гаруй иргэн шинээр найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл авсан байна шүүдээ.

-Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе. Монгол Улсад хамгийн их хэрэгтэй зүйл юу байна вэ?

-Монголчууд эвтэй байхдаа хүчтэй!

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж