
БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар наймдугаар сарын 19-нөөс 28-ны хооронд гэж зарлаад байгаа. Энэ цаг хугацаанд нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэнэ. Ингэхдээ наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэж, 26-наас 28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэх юм. Ийн ангилж байгаагийн шалтгаан нь хуучин хүүхдүүдээс явахгүй хүүхдүүдийн орон тоог тооцох зорилготой юм. Ингээд сүүлийн гурав хоногт шинээр элсэх хоёр настнуудаа, дээр нь гарсан орон тоон дээрх хүүхдүүдээ авахаар зохицуулна. Цагаан хорхойн шинжилгээний тухайд цэцэрлэгт бүртгүүлсний дараа авах аж. Таны хүүхэд цагаан хорхойтой гарлаа ч орон тоог нь эмчлээд иртэл хадгалж байхаар зохицуулалт хийж байгаа юм.
Эцэг эхчүүд гол нь цэцэрлэгт хүүхдээ шинээр бүртгүүлэхдээ, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ хандах хэрэгтэй. Гэхдээ Нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгийн орон тоо нийт хүүхдүүдийнхээ 65 хувийг л хамруулж чадна. Тиймээс таны хүүхэд цэцэрлэгийн насных ч орон тоо байхгүйгээс хамрагдаж чадахгүй үлдэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Ингэхдээ цэцэрлэг болгоны гадаа, хуучин явж байгаа хүүхдийн тоо, нийт ангийн тоо, хэчнээн хүүхдийн багтаамжтайгаас хэдээр хэтрүүлж авч байгаа, энэ жил хэдэн хүүхэд шинээр элсүүлэх юм гэдгийг ойлгомжтой, нэг бүрчлэн тайлбарлаж бичих юм.
Б.БАТ