Монгол туургатныхаа мартагдсан, мартагдаж буй өв соёл, урлагийг язгуур утгаар нь сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой уг наадам нь Ойрад түмний олон зуун жилийн туршид хадгалж, хамгаалж ирсэн хөөмий, бий биелгээ, морин хуур, иклийн татлага, товшуур, тууль хайлах зэрэг язгуур урлагийн төрлүүдийг хөгжүүлэх соёлын томоохон үйл ажиллагаа юм.
Увс аймаг нь ойрад монголчуудын гал голомт, бөөнөөрөө оршин суудаг газар нутаг бөгөөд угсаатны өв соёлоо хадгалан үлдсэн өвөрмөц соёлтой бүс нутаг юм. Олон зууны туршид хадгалж хамгаалж ирсэн соёлоо дэлхий нийтэд болон тархан сууршиж буй бусад монгол угсаатнуудад таниулан сурталчилж, хүн ардынхаа түүх соёлын мэдрэмжийг дээшлүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлтэй зохион байгуулагдсан юм. Цаашид мэргэжлийн судлаачидтай хамтран илүү дотно ажиллах бөгөөд дуу хөгжим, бичиг үсэг, аман зохиол гэх мэтээр судалгаагаа үргэлжлүүлэх юм.