Английн агуу их жүжгийн зохиолч Уильям Шекспир (1564.04.23-1616.04.23)
Уильям Шекспир 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд Стратфорд-он-Эйвон хотноо төржээ.Эцэг нь бээлий хийдэг хүн байснаас гадна хотдоо нэр хүндтэй, мэрээр нь хүртэл сонгогдож байлаа. Уильям хэл бичгийн дүрмийн сургуульд суралцан үндсэн хичээлээрээ англи, латин, эртний грек хэл судалж, шилдэг сурагч байв. Тэрээр 18 настайдаа хөрш газрын эзний найман насаар ах охинтой гэрлэсэн бөгөөд тэднийх гурван хүүхэдтэй байлаа.
Ойролцоогоор 1587 оны орчим Уильям Лондонд ирээд, 1593 оны хавьд Р.Бербежийн театрын хамтлагт орон жүжигчин, жүжгийн зохиолч, найруулагчаар ажиллах болжээ. Тэрээр 1590-1594 онд “эхэн үеийн дарааллын бичиг” нэртэй түүхэн жүжгүүд «III Ричард», «IV Генрих», «Тит Андроник» эмгэнэлт жүжиг, «Догшныг номхотгосон нь», «Алдаануудын инээдэм» бүтээлүүдээ бичсэн байна. «Венера ба Адонис» (1593), «Лукреция» (1594) яруу найргууд, сонетууд, жүжиг түүний гараас урсч байв. Уильям Шекспир 1595–1600 онд «Жон хаан», «II Ричард», «Веронийн хоёр», «Зуны шөнийн зүүд», «Ромео Жульетта», «Венецийн худалдаачин» бүтээлүүдээ бичсэн бөгөөд энэ үеэр түүний инээдмийн жүжгийн оргил «Арванхоёр дахь шөнө», «Хоосон сүрийн их дуулиан», «Виндзорын шулмууд» мэндэлжээ.
Шекспирийн уран бүтээлд 1600-аад оны эхээр ихээхэн өөрчлөл гарч, гол сэдэв нь эмгэнэлт жүжиг болов. Энэ л үед тэр өөрийн шилдэг бүтээлүүд болох «Гамлет», «Отелло», «Лир ван», «Макбет» жүжгүүдээ туурвижээ. Уран бүтээлийнхээ амьдралд тэрээр 17 инээдмийн, 11 эмгэнэлт, жүжиг, таван яруу найраг, 150 гаруй сонет ба 10 он дарааллын хуанли бичжээ. Өнөөг хүртэл тэр зохиолуудыг Шекспир бичсэн үү гэсэн маргаан гардаг.
Тодорхой бус шалтгаанаар Шекспир огцроод гэртээ буцан ирж, сүүлийн жилүүдээ өнгөрөөжээ. Тэр үеэр Шекспир өвчтэй байсан гэх таамаг байдаг. Гэрээслэл нь 1616 оны гуравдугаар сарын 15-наар хаяглагдсан байсан ба тэр нь уншигдах аргагүйгээр бичигдсэн байжээ.
Агуу их жүжгийн зохиолч 1616 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нас баржээ. Түүнийг гэрээслэлийнх нь дагуу Стратфордын сүмийн гонхонд нутаглуулжээ.
Энэ өдөр таалал төгсчээ
Испанийн зохиолч Мигель де Сервантес (1547.10.09-1616.04.23)
Мигель де Сервантес Сааведра 1547 оны аравдугаар сарын 9-нд Алькала-де-Энарес хотод ядуурсан язгууртны гэр бүлд төржээ. Залуудаа армид алба хаан Лепантогийн дэргэдэх далайн байлдаанд (1571) эр зоригоо харуулж байлаа. Христийнхний ялалтын энэ тулаанаар тэр нэг гараа алдсан гэдэг. Гэртээ буцах замдаа алжирийн далайн дээрэмчдэд олзлогдон боол болгон худалдагджээ. Христийн даяанчид түүнийг 1580 онд худалдан авснаар Сервантесийн зовлонд төгсгөл ирэв. Улмаар Мадридад суурьшин уран бүтээл оролдож эхэлжээ. Хэд хэдэн зохиолоо хэвлүүлсэн нь амжилт авчирсангүй. Ядуугийн гайгаар тэр Севильд ирж, арын албаны ажил хийж байв. Ажилдаа ихээхэн бүтэлгүйтэж, шоронд хүртэл орж амжжээ. Тэр цаг түүний амьдралын нэлээд хүнд үе байсан ч уран зохиолоо орхисонгүй.
Сервантес 1604 онд “Овжин идальго болох Ламанчийн Кихот ноён” романыхаа эхний ботийг хэвлүүлснээр испани төдийгүй дэлхийд алдаршжээ. Түүнээс хойш насан эцэстлээ уран зохиолоо орхисонгүй. 1604-1616 онд “Дон Кихот” романыхаа хоёрдугаар боть, олон арван драмын бүтээл, «Парнаст аялсан минь» яруу найраг, «Персилес ба Сихизмунда» роман зэргээ бичсэн байв.
Сервантес сүүлчийн өдрөө хүртэл ажиллаж байлаа. Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө тэрээр сахил хүртэн үсээ авахуулсан байв. Усан хавангаар тэр 1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
“Дон Кихот” романыхаа ачаар тэр дэлхийн уран зохиолын хамгийн суутнуудын тоонд багтсан юм.