
1950-1953 оны хооронд Солонгосын хойгийг Хойд, Өмнөдөд хуваасан цуст дайны уршгаар гэр бүл, хамаатан садангууд дахин хамт байж чадахааргүй салсан билээ. Өдгөө Солонгосын дайны үеэр бие биенээсээ хагацсан гэр бүл, хамаатан садангууд нэгнээ санан гансарсаар 60 жилийг ардаа орхиод байна. Хоёр Солонгосын хоорондын харилцаа нь энх тайван, тогтвортой байх цаг үед биенээсээ салсан гэр бүл, хамаатан садангуудыг хааяа нэг уулзуулж, сэтгэлийг нь дэвтээдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хөрш орнуудын хоорондох харилцаа ээдрээтэй, сөргөлдөөнтэй болж ирснээс хагацсан гэр бүл, хамаатнуудыг уулзуулах явдал тасалдаад байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе дайнаар салсан гэр бүл, хамаатан садангуудыг ирэх есдүгээр сард дахин уулзуулах саналыг Хойдын талд тавьжээ. Пак Кын Хе энэ тухай саналаа хоёр Солонгос 1945 онд Японоос тусгаар тогтносны тэмдэглэлт ойн өдөр Хойд Солонгосын албаныханд уламжилсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Хойдод хандан хоёр орны хоорондох цэрэггүй бүсэд энх тайвны парк байгуулах санал тавиад байгаа гэнэ.
Б.АНХТУЯА