Шинэ ургацын ногоог ченжүүдийн үнээр борлуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Шинэ ургацын ногоог ченжүүдийн үнээр борлуулж байна

Нийслэлчүүд шинэ ургацын ногоотой “золгоод” сайхан байна аа. Мах үнэтэйг ч хэлэх үү, ногоогоор “түрсэн” хуурга, шөлийг амтархаж байна. Харамсалтай нь монгол хөрсөнд ургасан монгол ногоочны тарьсан монгол ногоо маань өндөр үнэтэй юм. Төмс, хүнсний ногоо тариалагчид ногоогоо ченжүүдэд хямдхан зарж, тэд л үнийг нь өсгөж, нийслэлчүүдийг шулаад байдаг гэж бодоод, хэдэн муу ногоочдыг хэчнээн их өрөвддөг байлаа. Хаврын хавсарганд талбай юугаа бэлдэж, ногоогоо тарих гэж зовно, зуны цагт зэрлэг ургамлыг нь түүх, услах, харж манах гэж зовно. Намар ургацаа хурааж авах гэж хүн хүч хөлсөлнө, машин техник түрээсэлнэ. Багагүй их хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан ногоог нь муу нэртэй луу данстай хэдэн муу ченж нэртэй хүмүүс хямд үнээр луйвардаж авчихаад л үнийг нь өсгөөд байдаг юм байх гэж бодсон үгүй юм байна. Энэ Засгийн газар “шинэчлэлийн” гэх тодотголдоо тааруулан хэр чадлаараа ажиллаж байна. Монгол Улс одоо л нэг эзэнтэй болж байна гэж хүмүүс ярьж байна. Нүдэнд харагдаж, гарт баригдаж байна л даа, үнэндээ. Саяхнаас нийслэлд шинэ ургацын ногоо худалдаалагдаж эхэллээ. Дүүрэг бүрт шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Нээлт нь уржигдар болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүрэгт нээгдсэн шинэ ургацын ногооны нээлтийг хийж, “Шинэчилж шийдье 2222” хэлэлцүүлгээ хийсэн. Ногоочид өөрсдийн тарьж ургуулсан ногоогоо ченжүүдээр дамжуулж биш өөрсдийн биеэр авчирч нийслэлд борлуулж байна. Гэхдээ ченжүүдийн зардаг үнээр.  Төмс кг нь 800-1000 төгрөг, лууван, манжин кг нь 1200-1500 төгрөг, монгол сонгино кг нь 2500 төгрөг, өргөст хэмх, улаан лооль кг нь 4000-5000 төгрөг, байцаа кг нь 800 төгрөг гэнэ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Урт цагааны гудамжинд гарсан шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаанд орон нутгаас ирсэн ногоочид төмс, хүнсний ногоогоо өөрсдөө борлуулж байна. Өөрийн гараар тарьсан хүнсний ногоогоо борлуулж байгаа гэх нэгэн эмэгтэй “Хоёр хоног ногоогоо зарлаа. Шинэ ургацын ногоо болохоор хүмүүс дуртай авч байна. Хотынхон их маягтай юмаа. Төмс, лууванг шороотой байна гээд авахгүй юм. Шороог нь арчиж цэвэрлэх гэж бөөн ажил болох юм. Энэ жаахан ногоогоо хурдан зарж дуусаад харих минь” хэмээн халаглаж байхтай таарлаа. “Тэгвэл тэр ченжүүддээ хямдхан бөөндчихгүй юу” гэж хэлмээр санагдсан.

 “Дэнжийн 1000”, “Баянзүрх”, “Бөмбөгөр”-ийн ногооны ченжүүд шинэ ургацын ногоо гараагүй байхад яг дээрх үнээр зоорины ногоогоо борлуулж байсан. Шинэ ургацын, зоорины ногоо хоёр өдөр шөнө шиг ялгаатай нь үнэн. Хамгийн гол нь ногоочид сонин, хэвлэлээр ярихдаа “Бидэнд ногоогоо зарах газар олддоггүй. Өөрсдөө зарвал хотынхныг хямд үнэтэй, монгол ногоогоор хангаад байж чадна. Арга ядахдаа ченжүүдэд кг төмсөө 250 төгрөгөөр гуйж байж өгдөг. Тэд биднээс 250 төгрөгөөр авсан төмсөө 800 төгрөгөөр зардаг” хэмээн гоншгонож байхыг олонтаа сонссон. Тэгвэл энэ удаа, энэ намар энэ Засгийн газар ногоочдод өөрсдийн тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо өөрсдөөр нь заруулах боломж гаргаж өглөө. Талбайн түрээс төлүүлэхгүйгээр шүү. Харин ногоочид маань хэлсэн амандаа хүрэхгүй ченжүүдийн үнээр ногоогоо борлуулж байгаа нь “ариун явдал” юм уу.  Хүч хөдөлмөр, хөлс шавхаж ургуулсан ногоогоо хямд үнээр зарчихаж төвдөхгүй байгааг уучилж болох талтай. Тэгвэл нийслэлчүүдийн татварын мөнгө, халааснаас гарсан мөнгө ногоочдод улсаас тэтгэмж болж очиж байгааг бодолцох ёстой. Жилийн жилд ногоочид, тариаланчдад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, тусламж, техник хэрэгслээр шууд биш ч дам тусалж байгаа.

Монгол Улс 2016 он гэхэд хүнсний ногоогоо дотооддоо 100 хувь хангана гэдгийг салбарынхан нь амлаж байгаа. Ногоочдын гараас бүтээгдэхүүнийг хүргүүлэх нэгдсэн системтэй болох хэрэгтэйг ногоочид хэлдэг.  Тодруулбал “Бид хүнсний ногоо, төмсөө зардаг нэгдсэн зоорь болон борлуулах газартай болбол ногооны үнэ буурч, иргэд ч чанартай, шинэ бүтээгдэхүүнийг авах боломжтой болно” гэдэг үгийг ногоочин болгон ярьдаг. Нэгдсэн зоорь, агуулахын асуудлаа түр хойш тавиад ногоо борлуулах газрын тухайд хэлэхэд л ийм байна. Та яг одоо гэрээсээ гараад шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаагаар очоод үзээрэй. “Тогоо шанагаа зодолдуулж”, мах багатай “ургацын далай” хийж идье гэхэд багагүй мөнгө орох вий. Махны үнэ төдийлөн буурахгүй байгаа. Үхрийн мах 10000-11000 төгрөг, хонины мах 6500-7500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа энэ үед шинэ ургацын хямд ногоогоор түр ч атугай “ходоодоо баярлуулах”-ыг хүссэн нийслэлчүүдэд ногоочид ийм л бэлэг барьж байна даа.

 
Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж