
Тэр ч битгий хэл Эдийн засгийн хөгжлийн сайдынхаа уужим сайхан сэтгэлд дэм болж, санасан сэдсэн бүхнийг нь сэтгэлчлэн бүтээх ерөөл дэлгэхээр шийдэв. Ингэхдээ Японоос орж ирэх тэр их мөнгөөр нь үйлдвэр бариулж зовоох хэрэггүй юм гэж бодлоо. Харин түүнийх нь оронд шууд л “Усэйн Болтын угшлын адуу”-н сүргийг мянга, түмээр нь худалдаад авчихна. Тэгээд тэргүүн адуучнаар нь Н.Батбаяр сайдыгаа зална. Тэр үед хөх мөнх тэнгэр Монголыг минь ивээж, хөрст алтан дэлхий биднийгээ түшэх нь гарцаагүй. Нэгэн цагт морин дэл дээрээс дэлхийг эзэлж байсан ард түмний хувьд энэ цагт морь шүтэгч сайдынхаа хүчээр дэлхийг сөхрүүлж яагаад болохгүй гэж. Тэгээд ч манай сайд чинь мань мэтийг бодоход л эзэн Чингис хааны үеийн амьдралыг “экспортлох” ид шидтэй юм гэсэн шүү. Иймд түүний эрдэм мэдлэгт зориулан Японоос ирэх мөнгөөр “Усэйн Болтын угшлын адуу” авчихаад амар тайван жаргацгаая, монголчууд аа.
“Усэйн Болтын угшлын адуу” нь бөөн ид шид. Олимпод төрүүлдэг хүнээсээ, хувь илүү. Эдийн засгийн хөгжлийн сайдыг тэнгэрт хүргэж, далайд шумбахад тусална. Үр төл нь их удалгүй гурван сая хүрэх монголчуудыг түүний араас авч давхина. Ингээд бүгдээрээ тэнгэрт нисч, далайд шумбасан шигээ амьдрах учраас бидэнд улс орны эдийн засгийн өсөлт бууралт ямар ч хамаагүй болох нь тодорхой.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
