“Рио Тинто”-гийн хувьцааны ханш өсч байна. Энэ он гарснаас хойш тасралтгүй буурч, өнгөрсөн сарын 5-нд нэгж хувьцаа нь 39 ам.долларт хүрээд байсан. Харин өчигдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцааны ханш нь 50.14 ам.доллар болжээ. Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаагаас болж “Рио Тинто”-гийн ашиг буурсан. Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус компани үйл ажиллагааны зардлаа 977 сая ам.доллараар, хайгуулалтын зардлаа 483 сая ам.доллараар бууруулжээ. “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш “Бид тэнцвэрээ хадгалах нь чухал байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн өнгөрсөн онд 2200 ажилчнаа халсан юм. Мөн ашиг нь өнгөрсөн оны мөн үед 5.88 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд 1.72 тэрбум ам.доллар болж буурчээ. Энэ мэтчилэн олон улсын зах зээлээс хамаарч, ашиг орлого нь багасч байгаагаас тус компанийн хувьцааны ханш энэ оны эхний хоёр улиралд тасралтгүй буурсан юм. Түүнээс гадна АНУ-д төвтэй никель болон зэсийн уурхайгаа 325 сая ам.доллараар, Өмнөд Афри дахь Палабора хэмээх зэсийн уурхайгаа Хятадын компаниудад, Австраль дахь зэс, алтны уурхайн хувьцааныхаа 80 хувийг “China Molybdenum” компанид 820 сая ам.доллараар худалдсан. Түүнчлэн “Рио Тинто”-гийн тал алмазны уурхайнуудаа худалдах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. “Ийм хүнд байгаа үед Оюутолгойн хоёр дахь шатны олборлолт зогсоож байгаа нь “Рио Тинто”-гийн хувьд тун ашиггүй” хэмээн гадны хэвлэлүүд бичсэн байна. Үнэхээр өнгөрсөн хавар тус компани Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтыг олохын тулд дэлхийн санхүүгийн 15 байгууллагатай уулзаж, зээл авахаар тохиролцсон гэх мэдээ бий. Ямартай ч Оюутолгойн экспорт хоёр удаа хойшилсны эцэст гарсан нь “Рио Тинто”-гийн хувьцааны арилжаанд эерэг нөлөө үзүүлсэн аж. Хамгийн сүүлд Монголын Уул уурхайн яам Оюутолгой дахь төрийн эзэмшил хувийг олон улсын бирж дээр арилжаална гэж мэдэгдсэний дараа “Рио Тинто”-гийн хувьцааны ханш мөн л өссөн юм.
Хонконгийн хөрөнгийн бирж дээрх “Саусгоби Ресурзес” компанийн нэгж хувьцаа 10 хонконг доллар байна. Өнгөрсөн нэгдүгээр сард нэгж хувьцаа нь 21.60 хонконг доллар байсан юм. Үүнтэй харьцуулахад өнөөдөр ханш нь хоёр дахин буурчээ. Өнгөрсөн долоо хоногт нэгж хувьцааны ханш нь найман хонконг долларт хүрээд байсан бол түүнээс хойш ялимгүй өсч эхэлсэн байна. Овооттолгой, Цагаантолгойн лицензийг эзэмшдэг “Саусгоби сэндс”-ийн толгой компани нь “Саусгоби Ресурзес” бөгөөд Хонконг, Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг билээ. “Саусгоби Ресурзес”-ийн хувьд энэ оны эхний улиралд 20 мянган тонн нүүрс үйлдвэрлэсэн бол хоёрдугаар улиралд 170 мянган тонн нүүрс олборлож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ огцом нэмжээ. Үүнд нь “Саусгоби Сэндс”-ийн оролцоо их. Тус компанийн хувьд өнгөрсөн сард гүйцэтгэх захирлаар нь монгол хүн томилогдсон юм. Мөн авлига өгсөн болон татвараас зайлсхийсэн гэх хэрэгт холбогдож, удирдлагууд нь шалгагдсаар байгаа.
Францын “Арева” компанийн хувьд Парисын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргадаг. Өчигдрийн байдлаар нэгж хувьцааных нь ханш 13.02 евро болсон байна. 2011 онд нэгж хувьцаа нь 33 еврод хүрдэг байсан тус компанийн хувьд өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл хувьцааны ханш нь тасралтгүй буурчээ. Харин түүнээс хэлбэлзэлтэй байсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгж хувьцаа нь 10 орчим еврогийн ханштай байсан бол түүнээс үл ялиг боловч өссөөр өдийг хүрчээ. Манай улсад ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай гэрээ байгуулсан гэх мэдээлэл саяхан цацагдсан. Гэхдээ үүнийг сайд өөрөө үгүйсгэсэн юм. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Арева”-гийн охин компани болох “Кожеговь” ураны хайгуулж хийж байгаа. Гэхдээ ашиглаж буй химийн бодист нь хүн, амьтан хордож байна хэмээн үзээд нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Харин хувьцааны ханш нь өсч байгаа нь Нигерь дэх Сомайрын ураны уурхайн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлсэнтэй холбоотой аж.
“CENTERRA GOLD”
Гацууртын алтны ордод үйл ажиллагаа явуулж буй “Бороо гоулд”-ын толгой компани нь “Centerra Gold”-ын Торонтогийн хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцаа нь 5.49 канад долларын ханштай байна. Тус компанийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сараас хувьцааны ханш нь унаж эхэлсэн юм. Өнгөрсөн оны аравдугаар сард нэгж хувьцаа нь 12.56 канад доллар байсан бол өнгөрсөн сард 3.02 канад доллар хүрсэн юм. “Centerra Gold” Киргизстан, Монгол, Турк, Хятад, ОХУ, АНУ-д уурхай эзэмшдэг. Монголд бол Бороогийн ордоос гадна Алтан цагаан овоод хайгуулын ажил явуулж байгаа. Киргизстаны Кумторын уурхайг бол 100 хувь эзэмшдэг. Энэ уурхайн үйл ажиллагаа нь сүүлийн үед сайн явагдаж байгаа учир “Centerra Gold”-ын хувьцааны арилжаанд эерэг нөлөө үзүүлж байгаа аж. Кумторын уурхайгаас энэ оны нэгдүгээр улиралд 41 мянга, хоёрдугаар улиралд 72 мянган унци алт олборложээ. Тус уурхай нь Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг дангаараа бүрдүүлдэг юм байна.
“Айвенхоу Майнз” буюу “Turquoise Hill”-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцаа нь 4.93 ам.доллар болжээ. Тус компанийн хувьцааны ханш нь мөн л өнгөрсөн аравдугаар сараас хойш буурсан байна. Тухайн үед нэгж хувьцаа нь 9.83 ам.доллар байсан бол өнгөрсөн сарын 30-нд 3.3 ам.доллар болсон юм. Оюутолгой төсөлд хувь эзэмшиж, “Саусгоби Ресурзес”-ын Овооттолгойгоос хувь эзэмшдэг тус компани Кызылийн алтны уурхайн 50 хувийг эзэмшдэг билээ.
Овоотын нүүрсний ордыг эзэмшдэг “Aspire mining” компани Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргадаг. Өчигдрийн байдлаар нэгж хувьцаа нь 0.059 австрали долларын үнэтэй байв. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд нэгж хувьцаа нь 0.17 австрали доллар болж байсан нь сүүлийн нэг жил дэх хамгийн өндөр ханш юм. Түүнээс хойш буурсаар өнгөрсөн зургаадугаар сард нэгж хувьцаа нь 0.035 австрали доллар болжээ. Харин одоо ханш нь ялимгүй өсч байгаа аж. “Aspire mining”-ийн мэдэлд байдаг Овооттолгойн ордын коксжих нүүрсний нөөцийг саяхан 10 хувиар нэмж, 281 сая тонн болгосон юм. Харин чулуун нүүрсний ил нөөц нь 10.3 хувиар нэмэгдэж, 253 сая тонн болжээ. Овоотын нүүрсийг 2016 оноос гаргаж эхлэхээр төлөвлөөд байгаа. Хойд Азид ган үйлдвэрлэдэг дөрвөн компанитай хамтрах тунхаг байгуулж, тэдэнд жилд 5.6 сая тонн нүүрс нийлүүлэхээр болсноо тус компанийнхан саяхан зарласан юм. Түүнчлэн Овоотын нүүрсийг Япон, Орос, зүүн Европын орнууд руу гаргахаар гэрээ хэлцэл хийж байна.
“GENERAL MINING”
Монголд “Увс”, “Хангай” төслийг хэрэгжүүлж байгаа Австралийн “General Mining” компани Автсралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Өчигдрийн байдлаар нэгж хувьцаа нь 0.04 австрали доллар байв. Энэ он гарснаас хойш ханш нь буурах хандлагатай болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгж хувьцаа нь 0.02 австрали доллар болсон байна. Харин түүнээс хойш ханш нь ялимгүй өсчээ. Тус компанийн эзэмшдэг “Увс” төсөл нь поташ буюу үнсэн хужирынх. Увс нуурын сав газарт 2000 шоо км талбайг хамардаг аж. Өмнө нь “Увс” төслийн санхүүжилтэд нэмэлт хувьцаа гаргах хэлбэрээр 1.2 сая ам.долларын хөрөнгө босгохоор болоод байсан юм. Харин “Хангай” төсөл нь Хөвсгөл, Увс, Завханы хил орчимд байрлах бөгөөд никель, зэсийн баялгтай гэж таамагладаг.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
