Н.Мөнх-Оргилын хэргийг дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын хэргийг дахин хэлэлцэнэ

Найман настай  охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт хоёр шатны шүүхээс цаазын ял сонсч, өнгөрсөн жилийн турш хэвлэл мэдээллээр дуулиан тарьсан Н.Мөнх-Оргилын хэргийг өнгөрөгч баасан гаригт Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хэлэлцсэн. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь цаазын ял сонсох хүртлээ хэргээ хүлээгээгүй бөгөөд ар гэрийнхэн нь ч хилсээр шийтгүүлсэн гэж үзэж байгаа юм. Уг хэргийг Дээд шүүх хэлэлцэн ямар шийдвэр гаргасан талаар  түүний  өмгөөлөгч  Р.Насанжаргалаас тодрууллаа.

-Дээд шүүхээс Н.Мөнх-Оргилын хэргийг хэлэлцээд ямар шийдвэр гаргав?

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид бага насны хүүхэд хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт анхан болон нийслэлийн Шүүхээс цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

-Ямар үндэслэлээр вэ. Тэгэхээр анхан шатны шүүхийн магадлагаа хүчингүй гэсэн үг үү?

-Анхан шатны шүүхийн магадлагааг хүчингүй болгосон гэсэн үг. Хэргийг нь нийслэлийн прокурорт шилжүүлсэн . Тус газраас УМБГ-руу мөрдөн байцаалт явуулахаар буцаах байх. Яг ямар үндэслэлээр гэдгийг тодорхой хэлэх боломжгүй юм. Учир нь  хэргийг шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул хуулиар ажиллагаа дуусаагүй байхад мэдээлэл өгөхийг хориглосон байдаг.

-Н.Мөнх-Оргил хэргээ хүлээхгүй байгаа. Тэгэхээр  шүүх хилсдсэн гэж үзсэн юм биш үү?

-Нотлох баримт хангалтгүй гэж үзсэн байгаа. Дахин мөрдөн байцаалт явуулна.

-Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа юу. Биеийн байдал нь ямар  байна вэ?

-Биеийн байдал нь хэвийн. Ер нь өөрийгөө хилсээр гүтгэгдсэн гэж үздэг хүн шүү дээ.  Хуульд зааснаар ялын дээд хэмжээ сонссон  ялтныг гэр бүлийнхэнтэй нь уулзахыг хориглосон байдаг юм. Тиймээс Н.Мөнх-Оргил анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ар гэрийнхэнтэйгээ  уулзаагүй.

-Н.Мөнх-Оргил хэвлэлийнхэнд хандан захидал бичсэн гэж сонссон. Танд тэр захидал нь бий юу?

-Надад тийм захидал байхгүй. Би түүний захидлыг  зөөх эрхтэй хүн биш.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж