Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Мөс хайлж байна

Архи уусан гэдэг нь бусдад доромжлуулж болно
гэсэн үг биш. “Архичин” байна гэдэг нь хэн нэгэнд өшиглүүлэх эрхийг нь өгсөн
гэх үг биш. Гэхдээ ч архи уусан нэгнийгээ хүн гэж үзэхээ бүр больчихож.


Өчигдөр 13 номерийн Шархадны чиглэлийн
автобусанд суулаа. Тэр урд талын хаалганы ойр нэг согтуу ах “би гэртээ харьмаар
байна, хурдан яваачээ, ямар удаан буудал дээрээ зогсдог юм бэ” гэнэ. Согтуу
хүмүүс ч хашгичаад байвал ядаргаатай л даа. Гэхдээ тэр ахын хувьд нэг их орилж
хашгичсан зүйлгүй, тэрүүхэн тэндээ л ямар нэг зүйл ярьж үглэнэ. Автобус буудал
дээр ирж зогсоход кондуктор, бас автобусанд байсан хүмүүс санаа нэгтэйгээр
“наад согтуугаа чирээд буулга” гээд юу юугүй хаалгаруу түлхэнэ. Өнөөх нь мэдээж
эсэргүүцэж “хүүе би гэртээ харьмаар байна. Би мөнгөө төлчихсөн. Яагаад намайг
түлхээд байгаан” гэнэ. “Наадхаа буулгаачээ” гээд л жолооч зандарна. Өнөө муу
согтуу эр байдаг хүчээрээ хаалганы бариулаас зуурчихаад байж байтал олон
нийтийг оройлсон нэг залуу хүчтэй гэгч нь түлхэж, өнөөх эр ч цааш унаад
явчихлаа. Гэтэл гай болж унахдаа замын хажуугийн хашлага боржурыг мөргөөд
толгойгоо хагалчихаж.


Зайлуул даа, гэртээ харих гэж л яваа нэг
ядарсан согтуу ингээд цусаа гоожуулаад суучихлаа. Өөрсдөө бол огт уудаггүй мэт,
уухаараа үг нь олширдоггүй мэт автобусныханы “нулимж хаясан” эр толгойныхоо
цусыг гараараа таглаад чимээгүй сууна.


Буудал дээр зогсож байсан хэсэг эрчүүд үүнд
нь дургүйцэв. Хүүе та нар хүн аллаа шүү дээ. Яахаараа автобуснаас түлхэж унагаж
байгаа юм. “Алив тэр залуу гараад ир” гэнэ. Согтуу эрийг түлхсэн залууг бүр нэг
нөхөр шанаадаад ч амжив. Ингээд автобусныхан, буудлынхан гэсэн хоёр хэсэг
болцгоов. Автобусныхан нь “наад согтуу чинь өөрөө болохгүй байсан юм аа”
гэцгээж, харин буудлынхан нь “яагаад хүнийг өшиглөж гаргаж байгаа юм” гээд л
бужигналдацгаав.


Эрийн цус нэлээд гоожсон тул хэрэг бишдэж
автобус аваараа асаагаад зогсов. Хүмүүс ч бууцгаав. Нэг хүн тэнд цусаа
гоожуулчихаад сууж байгаа нь олонхийн хувьд огтхон ч сонин биш бололтой. “Хөөе
яваачээ, ямар ядаргаатай юм бэ” гэж хашгичиж байсан улс буухдаа “Алив
автобусныхаа мөнгийг авья, дараагийн автобусыг чинь хүлээж чадахгүй дөрвөн зуун
төгрөгөө авья” гэсээр билетээ буцаааж мөнгөө авж бууцгааж алга болцгоов.


Бүгд наадхаа буулга гэж хашгичиж байсан бол
сүүлдээ өнөө түлхэж буулгасан залуу гэмтэн болоод үлдэж буй бололтой. Цагдаа,
түргэнийг ч хүлээхээр боллоо.


Нялх хүүхдээ тэврээд явж байсан болохоор
хэрүүл уруултай газраас холдож дараагийн буудлаас сууя гээд нэг буудал алхлаа.
Дахиад л өөр автобусанд сууж офицер дээр ирлээ. Автобусны эцсийнх нь зогсоол
байсан тул бүгд буув. Дахиад л нэг согтуу. Гэхдээ бүр тасарчихсан. Бас дээр нь
эмэгтэй. Автобусны жолооч  ч өнөөх эмэгтэйг гаргаж шидэхээр ууртай нь
аргагүй ирнэ. Өмнөхөн нь согтуугийн золгүй явдал харсан тул “ахаа наадхаа
зөөлөн буулгаа, саяхан нэг согтуу ахыг түлхэж буулгаад тархийг нь хагалчихсан”
гээд өнөө эмэгтэйг зөөлөн газардуулав.


Биеэ авч явах чадваргүй эмэгтэйг орхиод явж
чадсангүй. 102-т дуудлага өглөө. Хаана байгааг, мөн ямар хүн дуудлага өгсөн
болохыг тэмдэглээд дуудлага авлаа гэв. Ингээд л хүлээлээ. Хүмүүс ч газарт
хэвтэж буй эмэгтэйн хажуугаар өнгөрсөөр. Гоё ганган хувцастай эмэгтэй биш
болохоор тоож байгаа ч хүн алга. Зарим нь бүр хөлөн дээгүүр нь давж алхана.
Дуудлага ихтэй байсан бололтой 20 минутын дараа цагдаагийн машин ирээд эмэгтэйг
аваад явлаа.


Монголын маань энгийн л нэг өдөр. Өдөр тутамд
тааралдаж байдаг л зүйлийн нэг. Шуудай үүрсэн ядруухан улсыг авалгүй давхих
автобуснууд, архичин гээд хаалгаараа хавчиж автобусны буудал дээр үлдээх нийтийн
унаа, согтуу гээд хөөж буулгах кондукторуудтай өдөр бүр л таарч байна.


Олон зүйлийн эцсийн буруу нь архи ууснаас л
болж байгаа ч хүмүүс бидэнд ч асуудал байсаар л байна шүү дээ. Яах вэ дээ,
ядарсан нэг согтуу, бухимдсан нэг архичин үглэж л байг, цаадах чинь ч гэсэн
таны адил гэр лүүгээ л явж байгаа шүү дээ. Хүнд юу ч тохиолдож болно, хэн ч
маргааш согтуу автобусанд сууж болно. Гагцхүү хүний мөс хайлсаар байгаа энэ
цагт согтуу биш, эрүүл байгаа та жаахан ч гэсэн хүлээцтэй байж болохгүй гэж
үү..

Эх сурвалж: http://enkhmandakh.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж