Гейтс яамныхаа байрны өмнө. Фото REUTERS
Пентагоны тэргүүн мэдэгдэхдээ Америк болон түүний холбоотнууд Афганы кампанит ажилд эргэлт гаргах цаг нь ойртсон гэжээ. “Талибан” хөдөлгөөний эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь тэднийг олон жил хянаж байсан нутгаас нь шахлаа гэж Роберт Гейтс сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хэрэв эвслийн хүчин чөлөөлөгдсөн нутгийнхаа хяналтыг алдахгүй бол 2011 оны сүүлч гэхэд дайн төгсгөл шатандаа орно хэмээн Гейтс хэлжээ. АНУ 2001 оны есдүгээр сарын 11-ний террорын дараа Осама бин Ладен зэрэг аллагын зохион байгуулагч нарыг барихаар зэвсэгт хүчнээ Афганистанд оруулсан билээ. Өдгөө тус оронд Америкийн 100 мянган цэрэг байгаа бөгөөд ерөнхийлөгч Барак Обама ирэх долдугаар сараас эхлэн Афганистанаас цэргээ татахаар амлаад байгаа билээ.
Ш.МЯГМАР