Оюутолгой төслийн ажил тэг зогсов. Шалтгаан нь Монголын Засгийн газартай Оюутолгойн ордыг хамтран эзэмшигч “Рио Тинто” компани төслийн хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбум ам.доллараар нэмсэнээс эхэлсэн юм. Яагаад хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн талаар Засгийн газар “Рио Тинто”-гоос тайлбар шаардаж, өнгөрсөн хавар удирдлагуудыг нь Улаанбаатарт урьж, энэ талаарх эхний яриа хэлэлцээг хийсэн ч өнөөдрийг хүртэл тоймтой хариу гараагүй.
Уг нь ажил хийж байгаа талд төсөв, зардлаа нэмэх шаардлага тулгарч болно. Тэр дагуу хөрөнгө оруулалтаа нэмж ч болно. Харин энэ нь яагаад Монголын талд эмзэг тусч байгаа вэ гэдэгт л асуудлын гол нь бий.
Дэлхийд томд тооцогдох уг зэсийн ордыг ашиглах явцад хөрөнгө оруулагчдаас татвар, хураамжаар дамжуулаад ашгийнх нь талаас илүүг авах боломж Монголын Засгийн газарт нээлттэй байсан. Гэвч талаас илүү хувийг нь Монголын төр буюу ард түмэн эзэмших ёстой гэсэн үндэслэлээр иргэний нийгмийнхэн болоод тодорхой улстөрчид олон жилийн турш тэмцсээр компанийн 34 хувийг “бид” эзэмшихээр болсон түүх саяхных. Хариуд нь “34 хувийг эзэмшигч юм бол тэр хувьдаа тэнцэх хөрөнгө оруулалтаа хий” гэсэн зарчмыг “Рио Тинто”-гоос тавьсан, тэмцэгчид зөвшөөрснөөр асуудал дуусч, гэрээ байгуулагдсан. Нэгэнт наймаа дууссан хойно арван амтай байгаад ч хөрөнгө оруулагчийн өөдөөс хэлэх үг Засгийн газарт байхгүй. Яг энэ мөчөөс “бидний” зовлон эхэлж, тэр том төслийг хөдөлгөхөд хөрөнгө оруулах мөнгөгүйгээ санасан юм. Сурснаараа зээлдэв. 34 хувийн хөрөнгө оруулалтаа “Рио Тинто”-гоос зээлдсэн хэрэг. Рольд голлон тоглосон улстөрчид үүнийгээ ард түмэнд ойлгуулаагүй, ойлгуулахыг ч хүсээгүй.
Алаагүй баавгайн арьсыг хувааж идсэн бид одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болов. Ашиглалтад ороогүй байгаа уурхай! Нэг үгээр бол бид өнөөхөндөө 34 хувийг эзэмшигч биш 34 хувийг хөрөнгө оруулагч юм. Хөрөнгө оруулалтын 34 хувиа гаргаад өгчихөж чадахгүй зээлдсэн бидэнд хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх нь өр маань өсч байгаа л гэсэн үг. Тийм учраас “Рио Тинто”-г хөрөнгө оруулалтаа нэмлээ гэж загнаж, чичсээр, сүүлдээ төслийг тэг зогсолт хийхэд хүргэв. Тэгэхээр асуудлын шалтгаан нь хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнд биш харин хөрөнгө оруулалт хийх мөнгөгүй мөртлөө хоосон цээжээ дэлдсэн биднээс л эхэлсэн гэсэн үг. Анхнаасаа л хувь эзэмшинэ гэж давшлаагүй бол уурхай ашиглалтад орж, ашгаа өгч эхлэхийг нь хүлээгээд амар тайван сууж байх байлаа. Хөрөнгө оруулагч зардлаа нэмнэ үү, яанав ямар ч хамаагүй… Мянган төгрөгөөр зарагдах бараа үйлдвэрлэхийн тулд мянган төгрөгийн зардал гаргана уу, зуун төгрөгийн зардал хийнэ үү, тэдний л хэрэг байлаа.
Бид буруу хөл дээрээ боссоны балгаар бүх зүйл уруугаа явсаар бүр таг зогсоход хүрэв. Хамтарсан хөрөнгө оруулагчийн зүгээс өгч буй “ухамсрын шанаа” энэ. Тэд Монголын баялгийг зарж идэхгүй бол турж үхэх гээд байгаа юм гэж ярьдаг байсан “поп” улстөрчдөд өгч буй гадаадын хөрөнгө оруулагчдын сануулга. Бид алт, зэс, нүүрс гээд хэдхэн зүйлээ гадагш зарж, бензин, тосноос эхлээд бүх зүйлээ гаднаас авч амьдардаг. Гадаад худалдааны алдагдал ихэслээ гэж гайхаад байх утгагүй, угаасаа нөхөж амьдрах арга ч байхгүй. Харин бэлэн мөнгө хэлбэрээр орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт таг зогсвол тэрнээс том хохирол дагуулна.