Нэг компанид урт зам өгөхөө больё

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Нэг компанид урт зам өгөхөө больё

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгнийхээ араас явах нь уу, эсвэл зүгээр л яриад өнгөрсөн үү гэдгийг харах л үлдэж байна-

Хүчин чадлаасаа давсан ажил авчихаад олон хүний цаг зав барж, уур бухимдлыг хүргэдэг урт хугацааны зам засварын ажлынхаа арга барилыг өөрчлөхгүй бол болохоо байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үнэлэх нэг шалгуур нь замын ажил яахын аргагүй мөн. 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй  холбох, шинэ нисэх онгоцны буудал, төмөр замын ажлуудыг хийж эхлээд байна. Төлөвлөгөөнийх нь дагуу 2016 он гэхэд бүх аймгийг Улаанбаатар хоттой холбож, шинэ нисэх онгоцны буудал, шинэ төмөр замуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Урьд нь нэг км замын өртөг дунджаар 480 сая төгрөг байсан бол өнөөдөр 500 сая болжээ. Зургаан аймгийн төв буюу Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудийн төвийг нийслэлтэй холбохын тулд 598.6 км зам тавих бөгөөд үүнд 300 гаран тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. 

Санхүүжилтийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж өгсөн. Тодруулбал, уг автозамын ажлууд Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.6-д “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасны дагуу шууд гэрээ байгуулах замаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байгаа аж. Уг тендрийн үе шатыг алгасаж буйгаараа цаг хугацааг нэлээд хэмнэсэн.

Харамсалтай нь замын ажлыг гүйцэтгэгчдэд нийтлэг дутагдал байсаар байгаа нь төлөвлөсөн хугацаандаа амждаггүй гэдэг аж. Үүнээс ч болж Засгийн газрын тэргүүн бухимдаж  “200 км зам хийнэ гээд хоёр гурван жил дараад хэвтчихэж байна. 20 гаруйхан км зам хийх гэж гурван сар болж байхдаа яах вэ. Ганц компанитай үнэ тохирч чадахгүй байна гэж таван сар сууж байгаа яамны удирдлагуудыг юу гэж хэлэх билээ. Тендерт оролцохоор саналаа ирүүлэхдээ л та бүхэн бороо ус орно гэдэг энэ мэт асуудлаа тооцсон байх ёстой. Тов хугацаатай гэрээ байгуулчихаад энэ мэт жижиг шалтаг ярьж хариуцлагаас хойш суухыг манай Засгийн газар зөвшөөрөхгүй шүү. Бороо цас ирэх жил ч орно. Үүнээс шалтгаалан ажлаа удаашруулдаг бол, хүчин чадал чинь хүрэхгүй байгаа бол эртхэн гэрээгээ цуцалж, чадах нэгэнд шилжүүлээрэй” гэж байв.

 Мөн цааш нь “Чадна гэж замын ажил авчихаад хийж чадахгүй, борооноос болж ажил удааширч байна гээд бусдад бурууг тохоод сууж болохгүй. Сайн ажилласан компанид ногоон карт өгч, дараа дараагийнх нь ажилд дэмждэг больё. Муу ажилласанд нь, чадахгүйд нь улааныг өгч дахиж ажил өгч унагадаг явдлыг зогсооё. Ер нь нэг компанид урт зам өгч, удаан хүлээж байснаас олон компаниудад жижиг жижгээр нь хувааж өгөөд хурдан хугацаанд хийлгүүлж байх зарчмыг ч дараа дараагийнхаа ажилд хэрэгжүүлээч” гэсэн юм.

Үнэхээр нэг компанид урт зам өгсөн нь сүүлдээ алдаа болж явцын дунд чадахгүйг нь тал талдаа хүлээн зөвшөөрч, хийх ажлыг нь өөр нэгэнд өгч буй жишээ ч гарч. Харин хурдан гүйцэтгэхийн тулд олон жижиг компанид хувааж өгсний эерэг жишээг наадмын өмнө амжилттайгаар туршсан бөгөөд наадмын талбай хүртэлх найман километр замыг зургаан компанид хувааж өгөөд амжилттай богино хугацаанд дуусгасан байна.

Хэрэв Ерөнхий сайдын хэлснээр дээрх зарчмаар замын ажлаа олон компанид өгвөл олон сар жилээр шороо тоос бужигнуулж, хэдэн киломер хаачихаад хэдхэн техник ажиллаж байдаг нь зогсох боломжтой. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлсэн “Цаашдаа замыг он дамнуулж биш тухайн ондоо барьж дуусгадаг болно” гэх үг бодитоор биелэх юм.

Засгийн газрын 11-11 төвд өнгөрсөн долоо хоногт ирсэн гомдлоос…

  • “Төв аймаг явах замын ажил хэзээ дуусах вэ? Хурдан шуурхай ажлаа хийгээрэй”  
  • Цайз захын хойд талын замыг хааж байгаад засаж болдоггүй юм уу? Замаа хаахгүйгээр зам засварын ажил эхлээд машин явахад хэцүү байна. 
  • Хуримын ордны урд талын замын засварын ажил наймдугаар сарын 6-ны өдөр дуусна гэсэн боловч ажил нь дуусахгүй байна. Замын ажлыг хурдан дуусгах хэрэгтэй байна. 
  • Баянхонгор аймгийн хурдны замыг Ерөнхий сайд долдугаар сарын 10-нд ашиглалтанд оруул гэж байсан. Зам засварын хажуух шороон зам их шавартай, хонхортой байх юм.
  • Баянзүрх дүүрэг замыг хаагаад замын ажил хийгдэж байгаа ч өдрийн болон шөнийн цагаар ямар ч засвар хийхгүй байна. Тууштай эрчимтэй ажиллуулж замаа нээх хэрэгтэй 
  • Сонсголын замыг засаад сая хүлээлгэж өгсөн. Гэтэл одоо маш олон нүхтэй явахын аргагүй болоод байна.


Замын ажлын талаар твиттер дэх шүүмжээс…

  • Хатгал-Хужиртын давааны зам үерт эвдэрсэн байна Яаралтай засвар хийхгүй бол дараагийн үерт зам хаагдах ба өшөө их зардал гарахаар байна даа
  • Шинэчлэлийн шинэ зам хуучнаасаа дээрдэх юм алга. Энэ жил тавьсан замд ирэх жил засвар төсөвлөх юм бол огцруулах хэрэгтэй
  • Энэ зам засвар хэзээ дуусах юм болдоо. Өдөржин л түгжрэх юм
  • Телевизээс Баянхошуу ордог арын зам засвар хийнэ,өргөтгөнө гэж гурван сонгуулийн нүүр үзлээ.Айлууд нь шахаад буучихаж.Одоо ч өргөтгөнө гэдэг хэцүү дээ
  • Таван шараас 22-ийн товчоо орох зам уг нь сайхан болж байна Даана ч овон товон энхэл донхол най алга даа Замын шинэ стандарт им болсым болуу даа
  • 2,3 компани замын тендер авчаад юу ч хийгээгүй хэдэн сар хүүгүй мөнгөөр найр наадам хэссэн байна Эзнийг нь цаазал! цаг хугацаа бидэнд үнэтэй авсан юм бэ?

Б.МАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №024


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж