“Бэрс гарах хүү” тэмцээнд Ё.Эрдэмдалай түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

“Бэрс гарах хүү” тэмцээнд Ё.Эрдэмдалай түрүүллээ

Шатрын спортын Олон улсын мастер, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул Монголын шатрын холбоо, “Зууны шатар” клубтэй хамтран нэгэн сонирхолтой тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

“Бэрс гарах хүү-2013” тэмцээн өнөөдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Арав хүртэлх насны шилдэг 10 шатарчин халз өрсөлдсөн тус тэмцээнд Х.Тэргэл, Ц.Ашид, Ц.Тэнгис /”Зууны шатар”/, Б.Ирмүүнтулга, Б.Түвшинбат, Ё.Эрдэмдалай, Б.Тэнгис /”Мон чесс”/, Х.Баясгалан /”Монгени”/, С.Ган-Эрдэнэ /”Оюунлаг”/, Б.Батзориг /”Ламаадан”/ нар нийт есөн өрөг тоглож, аваргаа тодруулсан байна.

Тэдний хувьд бүгд олон улсын чанартай томоохон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, медаль хүртсэн туршлагатай тамирчид юм. Ингээд тэмцээний дүн гаргахад, тэргүүн байрт Ё.Эрдэмдалай, дэд байрт С.Ган-Эрдэнэ, гуравдугаар байрт Ц.Тэнгис нар шалгарсан байна. 
Өнөөдөр болсон шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, их мастер Б.Мөнгөнтуул, Монголын өсвөрийн шатарчдын клубын ерөнхийлөгч Т.Сумъяа болон Монголын шатрын холбооны төлөөлөгчид ирж оролцсон юм.

Дашрамд дуулгахад, ирэх есдүгээр сард Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн болох бөгөөд “Баянзүрх” их дэлгүүрийн захирал Ж.Жигжиддагва өөрийн дэлгүүрийн нээлттэй холбогдуулан, энэхүү тэмцээнийг ивээн тэтгэн, зохион байгуулахаар болжээ.




 Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж