Багтраагийн өвчлөл 2,7 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Багтраагийн өвчлөл 2,7 хувиар өсчээ

Ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой "Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн цэцэрлэгт боллоо. Хэлэлцүүлэгт Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн Х.Мөнхбаярлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал  Б.Саранчимэг,  Шинжлэх ухааны доктор Б.Буянчимэг, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, АӨСҮТ -ийн Харшил судлалын лабoратори,   МХСН, дүүргүүдийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцжээ. Сүүлийн 10 жилд харшлын гаралтай өвчлөл ихээр нэмэгдэж, нийслэлийн  хэмжээнд хамрын харшил 24 хувиар,  багтраагийн өвчлөл  2,7 хувиар өсчээ. Хэлэлцүүлэгт ирсэн иргэдийн дийлэнх нь ургамлын тоосноос үүссэн харшилтай бөгөөд харшил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх аргыг мэдэх зорилготой байсан юм. Нийслэлийн агаарын болон хөрсний бохирдол нь харшил үүсгэгч ургамал ургах шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс  иргэн бүр хашаан доторхи шарилж, лууль, хог ургамлыг устгаж, орчноо зүлэгжүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудаас  уриаллаа. Харшил нь зөвхөн ургамал төдийгүй хүний идэж, ууж  байгаа хоол хүнс, ахуйн зүйлсээс ч үүсдэг. Тиймээс өөрт харшилж буй зүйлийг тогтоож, хэрэглэхгүй байх нь зүйтэй. Харшлаар өвчилсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, сорил тавиулж, эмчлүүлэх хэрэгтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн зөвлөлөө  гэж Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж